Өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 82 орны эрэгтэй 344, эмэгтэй 206 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас энэ удаад эрэгтэй дөрөв, эмэгтэй зургаан тамирчнаа илгээгээд байна. Өнөөдөр уламжлал ёсоор тэмцээн эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаануудаас эхэлж, манай 5 бөх хүч үзнэ. Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл, "Боржин төв" дэвжээний даасгалжуулагч Дашхүүгийн Алтантуяа нар дасгалжуулан барилдуулна. "Будапешт--2019" Гран При тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх бөгөөд доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

Манай тамирчдын оноолт

Манай улсаас -60 кг-ын жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар, энэ оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга Энхтайваны Ариунболд нар өрсөлдөнө. Г.Болдбаатар аварга эхний тойрогтоо гоц мөргөөд өнгөрсөн оны Осакагийн “Их дуулга”-ын мөнгөн медальт ОХУ-ын Яго Абуладзе, Европын аваргын мөнгөн медальт Болгарын Янислав Герчив нарын ялсантай хүч үзнэ. Улмаар ялбал шилдэг наймд үлдэхийн төлөө Гүржийн Жаба Папинашвилитэй барилдах магадлалтай. Харин ОУХМ Э.Ариунболд эхлээд Доминиканы Эльмерт Рамирестэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд Австралийн Жошуа Катзтай барилдана. Улмаар ялсан тохиолдолд Недерландын Торнике Цжакадотой шилдэг 8-д үлдэхийн төлөө өрсөлдөнө.

Мөн энэ өдөр Монреалын Гран Прид түрүүлээд байаа “Сүлд” спорт хороо, “G-Mobile” компани, “Техно-Перспектив” компаний бөх ОУХМ Ганболдын Хэрлэн -66 кг-д өрсөлдөнө. Тэрбээр “В” хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд Мексик, Ботсваний тамирчдын ялсантай хоёрдугаар тойрогт өрсөлдөнө. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд үлдхийн төлөө өнгөрсөн сард Европын наадмын мөнгөн медальт Италийн Маттео Медвестэй барилдана. Мөн түүний хэсэгт дэлхийн аваргын гурван мөнгөн медальтай ОХУ-ын Михайл Пудьяев байгаа. Тэд өрсөлдөгч нараа ялсаар ¼ шигшээд учраа таарах боломжтой. Г.Хэрлэнтэй хамт энэ жинлд оюутны Универсиад наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүч үзнэ. Тэрбээр тэгштгэлд Португалын Сергей Олейниктэй /С.Олейник Риогийн олимпод М.Пульяевийг өрсөлдөөнөөс хассан/ барилдах бол ялсан тохиолдолд Унгарын Акос Козматай учраа таарна. Улмаар хоёрдугаар тойрогт ялбал “Баку-2018” дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Ерлан Серикжановтой шилдэг 8-д үлдэхийн төлөө хүч үзэх магадлалтай.

Харин эхний өдөр манай эмэгтэйчүүдээс -52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Хүүхдийн олимпийн мөнгөн медальт, энэ оны Ази, Номхон далайн орнуудын дэд аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам хүч үзнэ. Тэрбээр Пан Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Перугийн Бриллит Гамарра-Карвахальтай учраа таарлаа. Улмаар энэ бөхийг ялбал шилдэг наймд үлдэхийн төлөө Герман, Швейцарийн бөхчүүдийн ялсантай өрсөлдөнө.