Б.ЭРДЭНЭХҮҮ УЛСЫН НАЧИН БОЛЖ, ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ЦОЛ ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА   

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Болдын хүү Эрдэнэхүү өнөөдөр улсын начин цол тэмдгээ гардан авлаа. 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Эрдэнэхүү Улсын начин болж, начны цол тэмдгээ гардан авлаа.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Цол хасах тухай зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“…Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авснаас сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзоригт олгосон “Улсын начин” цолыг хассугай” гэжээ.