Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард түмэн дэмжиж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн нэгдүгээрт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан. Тэгвэл Монголын ард түмэн яг одоо төрийн эрхийг барих энэ эрхээ эдэлж байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн өдрүүдэд улс орон даяар хэлэлцсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, энэ талаарх иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд хамгийн сүүлд гаргасан мэдээллээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 54 гишүүн, нийт 212 газарт, 28085 иргэнтэй уулзаж танилцуулжээ.   

Харин иргэдийн олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Үүний нотолгоо нь саяхан гаргасан судалгаагаар иргэдийн 63 хувь нь Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэжээ. Мөн өөрчлөлт оруулах ёстой зайлшгүй шалтгааны тэргүүнд нь сүүлийн үед Монголын төрд гарсан алдаа завхрал, тогтворгүй байдал зэргийг тоочсон бөгөөд, энэ бүхнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засч залруулах боломжтой гэдгийг онцолжээ. 

Үнэндээ сүүлийн хэдэн жил Монгол төрийн дархлаа суларч, Засгийн газар хийгээд төрийн алба тогтворгүй болсон. Ямартай л УИХ-ын гишүүд тойрогтой ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийх үед иргэд бухимдаж, "Сүүлийн 25 жилд Засгийн дундаж наслалт 1.5-1,8 жил болсон гэсэн судалгаа гарсан байна. 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдсан. Тэр тоогоор Монголын төр, төрийн алба бужигнасан гэсэн үг шүү. Хамгийн эмгэнэлтэй нь төрийн эрх барьж байгаа нам өөрөө өөрсдийгөө унагаадаг болсон байна" хэмээн анхааруулж байх вэ. Түүнчлэн иргэдийн хэлсэнчлэн хугацаанаасаа өмнө “зодог тайлсан” дээрх Засгийн газруудын “өвдөг шороодсон” хувь заяаг харахад ихэвчлэн УИХ дахь олонхиос буюу тухайн цаг үед эрх барьж буй улс төрийн хүчнээс өөрсдөөс нь шалтгаалсан байгаа юм. Мөн эндээс УИХ-д олонхийн суудал авсан нам өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг өөрсдөө унагаж, ээлж дараалан албан тушаалын “бялуу” хүртэж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, дээрх гажуудлыг арилгахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн гол хүчин зүйл болж хэмээн харагдаж буй.     

Түүнчлэн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэд Үндсэн хуулийн өөрчлөх өөр олон шалтгааныг хөнджээ. Түүнээс зармыг нь онцолбол, Засгийн газрын эрх мэдээл хийгээд “давхар дээл”-ийн тухай. Ямартай л энэ талаар иргэд УИХ-ын гишүүд Үндсэн хууль дахь “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт их эрх мэдлийг өөрсдөдөө олгож байна. Засгийн газрын тэргүүн нь зөвхөн өөрт ирэх унацаар улсын ажлыг харж байна. Үүрэгт ажлаа хийхээсээ илүүтэй өөрсдийн фракцын эрх ашгийг хангахын тулд өөрсдийн төлөөллийг албан тушаалд томилох, төсөв мөнгийг тэдний хяналт дор хуваарилж байна. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газарт ороод суучихаар парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих ажлаа хийхгүй байна. Иймээс засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдуулж буй энэ гажуудлаа засах боломж нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж тайлбарлаж. Эндээс харахад Үндсэн хуульд хийх өөрчлөлт ард түмний дунд хүлээлт үүсгэсэн гэж харж болохоор...

Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал чамгүй удаан хугацаанд яригдаж байгаа. Гэвч гурван ч парламент дамжин яригдсан энэ асуудал өнгөрсөн ххугацаанд ажил хэрэг  болж чадаагүй. Харин өнөөдөр, энэ асуудалд дэвшил гарч, УИХ-д 65 суудал авсан улс төрийн хүчин Үндсэн хуулиа өөрчилж, засаглал хоорондын тэмцлийг зогсоохоор ард түмэнтэйгээ санал бодлоо хуваалцаж байна. Нөгөө талаар иргэд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын төрд бий болоод буй энэ алдаа завхарлыг арилгах үүргийн өнөөгийн эрх баригч нам өөрсдөө хүлээсэн” гэдгийг онцолж байгаа. Учир нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Ард түмнээсээ асууж байж Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж тусгасан. Энэ ч утгаараа УИХ-д 65 суудал авсан эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд анхаарч, 2016 оны сүүлчээр Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулсан. Улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 42 заалт бүхий саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу Зөвлөлдөх санал асуулга, явуулж тодорхой санал дүгнэлт гаргасан. Ард түмний оролцоог хангах гэдэг хэлбэрээр 2017 оны зургаагаас есдүгээр сард  иргэдийн саналыг авсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг иргэдэд танилцуулсан. Харин одоо УИХ-ын Тамгын газар дээр саналуудыг нэгтгэж байгаа. Одоо найман байнгын хороо, намын бүлгээр гишүүдийн гаргасан саналуудыг авч үзнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ батлах уу, эсвэл Ард нийтээр хэлэлцүүлж батлах уу гэдэг шийдвэр гарна. Ард нийтийн хэлэлцүүлгээр батлах шийдвэр гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслөөр дахиад ард нийтийн санал асуулгын нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Хэрэв УИХ батална гэж шийдэх юм бол гуравдугаар хэлэлцүүлэг хийж гишүүдийн  дөрөвний гурвын саналаар батлах юм.