Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2019.07.05/ нээлтээ хийж, хуралдаан 59 гишүүнийг ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан гэдгийг онцлоод Үндсэн хуулийг сайжруулах гэдэг дээр маргаж хүн байхгүй.  Энэ цаг бол түүхэн боломж  гэж байлаа. 

Мөн   тэрбээр, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг хэрэгтэй гэдэгтэй хүн болгон санал нийлж байна. Цэгцэлж чадвал, цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг эхлүүлж, гурван парламент дамжиж, 10 жил хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг гишүүддээ онцгойлон ахнааруулж байлаа. 

Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс гадна 13 асуудал нэмж хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай , Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр тогтжээ. 

Түүнчлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.