“Бусдаас онцгой” уриатай Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадам Италийн Наполи хотноо энэ сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэ удаагийн оюутны спортын наадамд 112 орны 5100 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд спортын 15 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улс оюутны “Универсиад”-д 1965 оноос анхлан оролцож эхэлсэн бөгөөд энэ удаад спортын 7 төрөлд өрсөлдөхөөр Италид хөл тавиад байна. Монгол Улсын тамирчид “Универсиад”-аас нийт 11 алт, 16 мөнгө, 26 хүрэл медаль хүртэж байсан бөгөөд спортын 9 төрөлд төрийн далбаагаа намируулж байв.

Өнөөдөр тус наадмын салхийг Монгол тамирчдаас жүдочид хагалж дөрвөн бөх Наполигийн татамид гарлаа. Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн эрэгтэй -66, -73, -81, -90, +90, эмэгтэй -52, -57, -63, -70, +70 кг-ын жингүүдээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүнд жингийн барилдаануудаар эхэлсэн.

+90 кг: Энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү аймгийн арслан Цэцэнцэнгэл эхний тойроготоо Польшийн Олекси Лисенкод 2:08 минутад “иппон” бууснаар тэмцээнийг орхилоо.

-90 кг: 2019 оны оюутны улсын аварга Монгол Улсын арслан А.Ганбаатарын хүү Пунцагцэрэн эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд өсвөр үеийн дэлхий болон Европын аварга Гүржийн +залуу од Лаша Бекаурид 50 секундэд цэвэр ялагдлаа. Тэрбээр дагах барилдаан /Универсиад наадмын жүдо бөхийн төрөл ялсан тамирчин нь хагас шигшээд шалгарвал дагаж барилддаг/-д Финландын Аату Лааманенийг торгуулиар илүүрхэж явсан ч 2:54 минутад цэвэр ялагджээ.

+70 кг: Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, насанд хүрэгчдийн улсын шинэ аварга Монгол Улсын начин Д.Эрдэнэбилэгийн охин Гандиймаа эхний тойрогтоо Литвийн Мигле Дуденайтийг 2:46 минутад цэвэр ялаад ОХУ-ын Анна Гушчинад 38 секундэд иппон буужээ. Улмаар түүний өрсөлдөгч хэсгийн аварга тул дагах барилдаан хийх боломжтой болсон. Харамсалтай нь манай жүдоч Германы Рени Лаштад нэмэлт цагт вазари үнэлгээ алдаж ялагдсан байна. Уг нь манай бөх өрсөлдөгчөө 2 торгуулиар илүүрхэж байв.

-70 кг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин оюутны улсын аварга, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Саранцэцэгийн Лхагвадулам эхний тойрогтоо Хорватын Люсия Бабичийг секундэд цэвэр яллаа. Гэвч хоёрдугаар тойрогт Польшийн Урсзула Хофманд нэмэлт цагт торгуулиар ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн байна. Түүнийг ялсан Польш бүсгүй хэсгийн аваргын төлөө энэ оны Ази-Номхон далайн орнууудын аварга Японы Шихо Танакад ялагджээ.

Маргааш тэмцээний хоёр дахь өдөр манай дөрвөн бөх барилдах бөгөөд -81 кг-ын жинд ОУХМ Баянмөнхийн Гаажадамба эхлээд Ром болон Мадридын Европын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын Абас Азизовтой барилдахаар оноолт таарлаа. Харин манай гол найдваруудын нэг Монголын багийн тугч, энэ оны Азийн аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар -73 кг-ын жинд эхний тойрогтоо Унгарын Мартин Вегваритэй учраа таарлаа. Түүнчлэн -63 кг-д Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Баярбатын Баасанжаргал Румыний Стефани Аделина Добретой эхний тойрогт учраа таарсан. Тэрбээр ялсан тохиолдолд Японы Нана Котатай учраа таарна. Мөн -57 кг-д “Женко” клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд шалгарахын төлөө Казахстан, Литвийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.