Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс хоёрыг нь цагдан хорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр нарыг өнөөдөр цагдан хорилоо.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорих хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлжээ. Улмаар шүүх цагдан хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шийдвэр гаргасан байна. Шүүхээс тэднийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл байгаа. Тодруулбал, түүнийг гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй тус улсын хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан гэж буй ч Гадаад харилцааны яамнаас одоогоор манайд ийм мэдээлэл ирээгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Мөн зарим нь түүнийг АНУ-аас оргонол хүссэн гэж буй. Дашрамд мэдээлэхэд зарим хэвлэлээр С.Төмөрбатыг зургаадугаар сарын 26-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсонгэж мэдээлж байсан юм. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.