Ж.Оюунтунгалаг: Шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би итгэж байна, Монголын төрд

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гарагт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлигийг гаргасан. Тэгвэл тэдгээр шүүгчдийн нэг болох Ж.Оюунтунгалаг  өнөөдөр (2019.06.30) мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон. Лхагва гарагт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дотор миний нэр орсон.

Миний хувьд Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж, би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна гээд бичгээ бэлтгэж байтал АТГ-аас ярьсан, “Уулзах хэрэгтэй байна” гэсэн. Прокурорын зөвшөөрөлтэй гэрт нэгжлэг явуулсан. Ажлын цаг дуустал үргэлжилсэн. Баасан гарагт хүсэлтээ өгч чадаагүй. АТГ -ын нэгжлэг хийсэн комиссорт гэхдээ бичгээ өгсөн. Комиссаруудаас АТГ-т очиж, тайлбар өгөх хэрэгтэй байх гэсэн. Хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд очсон. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай холбож байгааг мэдсэн. 2017 онд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Даргалагч шүүгчээр оролцсон. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би итгэж байна, Монголын төрд. Энэ хэргийг яаж шийдсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон.

Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байнаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй” гэлээ.

Түүний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж орж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт орж тэнцээд суралцсан. Төгсч ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд сонгон шалгаруулалтад тэнцээд орж байсан гэдгээ хэлж сургуульд, ажилд орохдоо арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй, ийм зүйлд холбогдсондоо гайхаж байна гэдгээ онцолж байсан юм. Мөн тэрбээр "Одоогоор би чөлөөлөгдөөгүй байна. Шүүгчийн хувьд бол хардах эрхгүй. Энэ хэвлэлийн бага хурлыг хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өөрөө бодож шийдвэр гаргаж хийж байна. Бусад шүүгч нарыг төлөөлөн ярих эрхгүй. Би зөвхөн Оюунтунгалаг гэж хүнийг төлөөлж ярьж байгаа шүү" хэмээн онцолсон юм.