Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх ДАШТ наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах билээ. “Токио-2019” ДАШТ-д манай улс бүтэн багаараа оролцохоор болсон. Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар дараах тамирчдын нэрсийг баталсан бөгөөд баг тамирчдыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт “Домогт” Найдангийн Түвшинбаяр тэргүүлэн найм дахь дэлхийн аваргадаа зодоглоно. Тэрбээр +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаярын хамт зодоглох бөгөөд багийн ДАШТ-д мөн барилдах юм. Харин эмэгтэйчүүдээс энэ удаад хөдөлмөрийн баатар олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа өнжихөөр боллоо. Түүнээс гадна -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ. Тэднийг өсөх ирээдүйтэй залуу тамирчин Лосолын Энх-Отгон орлон дэлхийн дэвжээнд зодоглоно. Тэрбээр IJF-ийн дэлхийн цувралд оролцож амжаагүй ч өнгөрсөн сард БНСУ-д зохиогдсон Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүгээд байгаа. Түүнтэй хамт энэ жил -48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, -52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам, -70 кг-д Цэрэндуламын Энхчимэг, -78 кг-д Отгоны Мөнхцэцэг нар ДАШТ-д анх удаагаа зодоглохоор болсон байна. Түүнчлэн эрэгтэйчүүдээс ганц ОУХМ Ёндонпэрэнлэйгийн Басхүү -66 кг-д ДАШТ-д анх удаагаа оролцохоор болсон байна.
“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн
- Одвогийн Балжинням Ахлах дасгалжуулагч МУ-ын хөдөлмөрийн баатар
 - Хиишигбатын Эрдэнэт-Од Дасгалжуулагч МУ-ын гавьяат тамирчин
 - Торий Томоо Дасгалжуулагч Япон улсын иргэн
 - Гантөмөрийн Дашдаваа Дасгалжуулагч ОУХМ
 - Шархүүгийн Цэвэлмаа Дасгалжуулагч МУ-ын гавьяат дасгалжуулагч
 - Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл Дасгалжуулагч ОУХМ
 - Дашдаваагийн Амартүвшин -60 кг МУ-ын гавьяат тамирчин
 - Ёндонпэрэнлэйгийн Басхүү -66 кг ОУХМ
 - Цэнд-Очирын Цогтбаатар -73 кг ОУХМ
 - Ганбаатарын Одбаяр -73 кг МУ-ын гавьяат тамирчин
 - Отгонбаатарын Ууганбаатар -81 кг ОУХМ
 - Гантулгын Алтанбагана -90 кг ОУХМ
 - Лхагвасүрэнгийн Отгонбаатар -100 кг ОУХМ
 - Өлзийнбаярын Дүүрэнбаяр +100 кг ОУХМ
 - Найдангийн Түвшинбаяр +100 кг МУ-ын хөдөлмөрийн баатар
 - Мөнхбатын Уранцэцэг -48 кг МУ-ын гавьяат тамирчин
 - Ганбаатарын Наранцэцэг -48 кг ОУХМ
 - Лхагвасүрэнгийн Сосорбарам -52 кг ОУХМ
 - Бишрэлтийн Хорлоодой -52 кг ОУХМ
 - Лосолын Энх-Отгон -57 кг ОУХМ
 - Болдын Ганхайч -63 кг ОУХМ
 - Балдоржийн Мөнгөнчимэг -63 кг ОУХМ
 - Цэрэндуламын Энхчимэг -70 кг ОУХМ
 - Отгоны Мөнхцэцэг -78 кг ОУХМ
 - Ганбаатарын Пунцагцэрэн -90 кг /Багийн барилдаанд оролцоно/ ОУХМ
 - Энхтайваний Ариунболд -60 кг /бэлтгэл хангагч/ ОУХМ
 - Доржсүрэнгийн Сумъяа -57 кг /бэлтгэл хангагч/ Монгол Улсын хөдөлмөрийн баатар
 - Оюунчимэгийн Шинэбаяр -73 кг /бэлтгэл хангагч/ ОУХМ
 - Эрдэнэцогтын Гэрэлмаа -48 кг /бэлтгэл хангагч/ ОУХМ
 - Пүрэвийн Бат-Очир Эмч
 - Зундуйгийн Самдан Бариач
 
        
                                            
 
                              