УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ТОЙРОГТОО ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зургадугаар сарын 18-нд хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн билээ.

Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногийн лхагва гариг буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа, хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санаа бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж дүгнэлтээ гаргана” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Хэлэлцүүлэгт Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур, Өлзийт сумын 480 гаруй гаруй иргэдийн төлөөлөл оролцож санал, хүсэлтээ хэлсэн юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны зөвлөх н.Солонго Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх засаглалын тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар иргэд сонгогчдод танилцуулав.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах, сум, дүүргийг ижил түвшинд авч үздэг байдлыг өөрчлөх зэрэг саналыг түлхүү хэлж байв. Мөн хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг тавих хэрэгтэйг ч сануулж байсан юм. Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж дэмжиж байна. Гэхдээ “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчим баримтлах нь зөв гэсэн гэсэн саналыг дийлэнх иргэд гаргаж байсан юм. Ялангуяа, сумын иргэд нь Засаг даргаа сонгодог болох, сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилдог болох саналыг иргэдийн дийлэнх олонхи нь дэмжиж байлаа. Ийнхүү иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүхэлд нь асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн юм.