Ц.Баатархүү: Хотын дарга хариуцлагаа өөрөөсөө эхлүүлье

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан.

Мөн тус бүлгийн дарга Ц.Баатархүү байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Хотын дарга ажлаа хийж чадаж байгаа эсэхийг хуулийн хүрээнд 10 дугаар сард дүгнэнэ. Үүнд иргэд саналаа өгнө. Манай бүлэг ч бас энэ зарчмаар ажиллана. Өнөөдрийн хувьд төлөөлөгчид хотын даргыг шүүмжилж байна. Хотын даргын ажил хангалтгүй байгаа. Ногоон хөгжлийн бодлого нь тодорхой бус байна. Өөрөө уулын модыг хотод авч ирж булшилж байна гэсэн мөртлөө түүндээ тайлбар өгөхгүй байна. Хятадын компанид хүлэмжийн зориулалтаар  50 га газар өгснөө тайлбарлаж чадахгүй байна. Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг өөрсдийн гэсэн үүрэгтэй. Иргэдийн асууж өгөөч гэсэн зүйлийг уламжилдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэх гэхээр Засаг дарга бултсан байдалтай байгаа" гэсэн юм.  Мөн тэрбээр хотын даргад Туул голын бургасыг нөхөн сэргээж өгөөч хүсэлтийг удаа дараа тавьсан. Хотын дарга бусдын хууль бусаар авсан газрын зөвшөөрлийг цуцалж болно. Гэхдээ хариуцлагыг өөрөөсөө эхлүүлж үлгэрлэх ёстой. Өөрийнхөө хууль зөрчиж авсан газрын эрхийг цуцлаад экологид учирсан хохирлыг барагдуулах ёстой. Эргээд ногоон болгож өгөх ёстой гэсэн шаардлыг удаа дараа тавьсан ч хариулт өгөөгүй. Хүний өмч хөрөнгөд ширүүн  өөрийн юмыг болохоор ингэж хамгаалдаг байж болохгүй" гэсэн юм. 

НИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг хүргэж байна. 

Төсвийн орлого, зарлагын талаар

Улаанбаатар хотын төсвийн орлого нэг их наяд хүрч нэмэгдсэн. Төсвийн орлого сүүлийн 3 жилд 72,5 хувиар нэмэгдсэн байна. Орлогын өсөлтийн 86.6 хувийг татварын орлого эзэлж байна. Нийслэлчүүдийн 2018 онд орлогоос давсан буюу хэмнэсэн 26 тэрбум 179 сая төгрөгөөр хотынхоо төлөө ямар ажил хийхээ шийдэхээр та бид төсөвт тодотгол хийж байна.

Энэ мөнгө бол дарга нарт зориулсан мөнгө биш. 26,2 тэрбум төгрөг бол 2019 оны хувьд өдөр бүр иргэдээ торгож, бүтэн жил  төсөвт төвлөрүүлсэн 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц орлого юм.

Төсвийн үр ашиг, хариуцлагын талаар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан 26,2 тэрбум төгрөгийн нэмэлт өөрчлөлт нь тооцоо судалгаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус, багцалсан мөнгөн дүнтэй, дарга нар нь наймаалцсан шинжтэй ажлуудыг тусгаж танилцуулсан байна. Тухайлбал хэзээ, ямар урамшууллыг хэдэн хүнд олгох нь тодорхойгүй “Сайжруулсан түлшний урамшуулал, тээвэрлэлт”-ийн зардал 12,5 тэрбум төгрөг, хаана, ямар ажил хийх нь тодорхойгүйгээр “Хот тохижилт”-ын ажилд 5 тэрбум төгрөг, өр төлбөрт 3,1 тэрбумийг төлөвлөсөн байна.

Урсгал зардлыг багасгах талаар

Өнөөдөр нийслэлийн төсвийн орлогын 86,6 хувийг иргэдийн татварын орлого эзэлж байхад нийт орлогын 70 орчим хувь нь урсгал зардалд урсаж байна.  Иргэдийн албан татвараар цалинжиж байгаа төрийн алба нь иргэндээ чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Нийслэлчүүд та бид цаашид төрийн албаа чадавхжуулж, олон тэрбум төгрөгөөр тавилга, эд хогшил авах, дарга нар нь гадаадад зугаалах, шар хайс тавих, уулын мод авчирч үхүүлэх зэрэг үр ашиггүй урсгал зардлыг багасгах шаардлага байна. 

Нийслэлийн төсөвт аудитын байгууллагаас өгсөн өмнөх зөвлөмжөө хэрэгжүүлэхгүйгээр 33,4 тэрбумаар хэтрүүлсэн байна. Энэ бол хариуцлагагүй байдлын үр дүн юм.

Иргэдээ төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид та бид ийм хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх эрхгүй юм аа.

Төсвийн хөрөнгийг тодорхой бус төлөвлөгөөнд зориулж, хууль зөрчихийг АН-ын бүлэг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.

Иргэдээсээ нэмж авсан энэ 26.2 тэрбум төгрөгийг нийслэлчүүдэд зайлшгүй шаардлагатай дараах ажилд зориулах саналыг АН-ын бүлгээс оруулж байна.

Нийслэлийн хүн амын 60 хувь нь үйлчлүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж, 10 тэрбум төгрөгийг тусгах,

Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулж, түрээсийн орон сууц, ахмадын орон сууцыг нэмэгдүүлэхэд 8 тэрбум төгрөгийг тусгах,

Нийслэлийн 1.4 сая иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг 130 орчим өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 2.6 тэрбум төгрөгийг тусгах,

Нийслэлийн хүн амд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 6 тэрбум төгрөгийг тусгах тодорхой саналыг оруулж байна гэлээ.