НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын даргыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан өнөөдөр болж буй. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм. 

Тэгвэл энэхүү хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулж ирлээ. Тэрбээр хотын даргыг огцруулахаар гаргасан үндэслэлээ “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө улайран томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил. Бодлогын хэмжээний, мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нэг ч хийгдэхгүй байна. Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм. Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийг нь Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог. Тиймээс Улаанбаатар хотын Засаг даргыг огцруулах асуудлыг тавьж байна. Огцруулахын төлөө эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ. Энд ганцхан жишээ хэлэхэд өнөөдөр он гараад хагас жил болж байхад нийслэлийн харьяа агентлагууд 2018 оны үр дүнгийн гэрээгээ дүгнээгүй байна. 2019 оны зорилтоо батлаагүй. Төсвийн хуулийг зөрчөөд явж байна. Энэ мэтчилэн яриад байвал их зүйл бий. Өнөөдөр Улаанбаатарт хийсэн дорвитой бүтээн байгуулалт огт хийгээгүй. Иймээс намын мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ” гэсэн юм. 

Мөн тэрбээр хотын даргыг огцруулах албан бичиг дээрээ төлөөлөгчдийн гарн үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулиараа 3/1 буюу 15 төлөөлөгч гарын үсэг зурсан бол асуудлыг өргөн бариад олонхийн саналаар огцруулах юм байна.