Үерийн аманд барьсан орон сууцнууд нурж магадгүй

Үерийн аманд барьсан барилга, орон сууцнууд эхнээсээ хөрсний ус, бороо усанд автаад байгаа бөгөөд тэрхүү усыг нь зайлуулах системгүйгээс төвлөрсөн бохирын шугамруу нийлүүлэх асуудлууд гарч байна. Үүнээс болоод төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, улмаар шугам, хоолой эвдэрч гэмтэх асуудал үүсээд зогсохгүй өндөр үнээр худалдаж авсан орон сууцны суурь бетон нь чанарын шаардлага хангахгүйгээс болоод тухайн барилга хэзээ мөдгүй нурж хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох асуудал яригдаж эхэлжээ.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хөрсний усанд автсан барилга, байгууламжийн судалгаа, дүгнэлтийн талаар танилцуулах уулзалт” болж, “Хөрсний усанд автсан барилга, байгууламжид хийсэн судалгаа”-ны дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд ашиглахад зориулан гаргасан “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт –гарын авлага" номыг тарааж өгсөн. Мөн усанд автсан барилга, байгууламжуудыг хариуцан ажилладаг СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад тус судалгааны дүгнэлтийг хүргүүлэх тухай мэдээллийг өгсөн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх асуудлыг дан ганцаар хариуцан шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд цаашид Засгийн газрын хэмжээнд буюу салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн хүрээнд шинэчлэн, сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралд тус санал, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгээ илэрхийлж байсан.

Гол нь үерийн аман дээр барилга барьж, түүнийгээ өндөр үнээр худалдсан асуудлыг хэрхэх нь бүрхэг. Үүнээс илүүтэй өндөр үнээр худалдан авсан орон сууц нь хэзээ мөдгүй нурах эрсдэл бий болж, оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учраад байна.

Усанд автсан орон сууцны 41 барилга байгаагийн 7 нь их хэмжээний устай. Өөрөөр хэлбэл, хөрснөөс ус гардаг.