ОБЕГ: Нийт нутгаар борооших тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээгээр ирэх мягмар гариг буюу энэ сарын 25-наас нийт нутгаар бороошин, үргэлжлэн бороо орох төлөвтэй байна. Тодруулбал,  энэ сарын 22-нд баруун аймгуудын нутаг, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.