Хашрууд халаагаа өгөх болоогүй гэдгээ батлав

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөрэрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан боллоо. Хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдааны сонирхолтой баримтыг хүргэе.

ГАВЬЯАТУУД ЗАЙГАА ТАВИХ БОЛООГҮЙ

УАШТ-ий хоёр дахь өдөр тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан гавьяатууд маань залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ тод томруунаар харууллаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 2016 оны Азийн аварга, гавьяат тамирчин О.Бурмаа нар найм дахь удаагаа Монгол Улсын аварга боллоо. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг долоо, ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр зургаа, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дөрөв дэх түрүүгээ хүртэв. 
Түүнчлэн Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт хашир туршлагатай ОУХМ Д.Гомбодорж улсын аваргын найм дахь алтан медалиа зүүж харих болоогүй гэдгээ нотолсон.

ЭЭЖҮҮД ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ

Манай зарим эмэгтэй бөхчүүд үрийн зулай үнэрлээд удаагүй байхдаа их спортдоо эргэн ирээд амжилт гаргасан тохиолдол нэлээд олон бий. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Ц.Намуунцэцэг ээж болоод өнгөрсөн жилээс, гавьяат тамирчин О.Бурмаа энэ жилээс дэвжээндээ эргэн ирсэн билээ. Тэгвэл тэд эх хүний давхар хариуцлага үүрч улсын аварга цолоо хамгаалцгаав. Тэд бүгд олимпийн жинд Нур-Султаны ДАШТ-д эх орноо төлөөлөн “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.

ГУРВАН ШИНЭ АВАРГА “МЭНДЛЭВ”

2015 онд өсвөр үеийн Азийн аваргад түрүүлснээс хойш Монголын чөлөөт бөхөд танил болж байсан Монголын чөлөөт бөхийн өсөх ирээдүйтэй тамирчин ОУХМ Т.Тулга 21 настайдаа Монгол Улсын аварга боллоо. Тэрбээр УАШТ-ээс 2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил дөрөв дэх оролдлогоороо анхны түрүүгээ хүртлээ. 2012 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан “Ирээдүй” цогцолборын тамирчин ОУХМ Б.Нямбаяр 92 кг-ын жинд анх удаа аваргалав. Гавьяат тамирчин А.Энхээ, түүний эхнэр, олон улсын шүүгч Л.Болормаа нар өнөөдөр тун баяртай байлаа. Энэ нь арга ч үгүй биз, хоёр шавь нь (Э.Бэхбаяр, Б.Нямбаяр) улсын аваргад түрүүлсэн.
Сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинг “өмчилсөн” ОУХМ Э.Даваачимэг түр хугацаагаар их спортоос хөндийрөөд байгаа. Түүнийг эзгүйд “Женко”-гийн 22 настай Б.Болортуяа анх удаа улсын аварга болж Нур-Султаныг зорих эрхээ авав.

18-21 НАСТНУУД

Энэ удаагийн тэмцээнд авьяаслаг залуу бөхчүүд анхны медалиа зүүв. 18 настай “Харгант цамхаг”-ын Б.Буд, “Хасу-Мегастарс”-ын О.Сүлдхүү, Баянхонгорын Б.Хонгорзул, “Алдар”-ын Ч.Отгонтуяа, “Женко”-гийн Д.Отгонжаргал, 20 настай Баянхонгорын Б.Бат-Эрдэнэ, “Аврагч”-ын Б.Хулан, 21 настай “Ирээдүйн одод”-ын Б.Цэрэндаш нар баргын бөхчүүдийн зүүж амждаггүй УАШТ-ий мөнгө, хүрэл медальтан боллоо. Эдгээр залуу бөхчүүд бэлтгэл сургуулиа системтэй хийж, өмнөө том зорилго тавих аваас тив, дэлхийд Монголын нэрийг дуурсгах бүрэн дүүрэн боломж бололцоо бий.

С.ГАНБАЯР 14 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГААС МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

Олимп, ДАШТ-ий хүрэл медальт алдар бөх Д.Оюунболд агсны унаган шавь ОУХМ Санжаагийн Ганбаяр хамгийн сүүлд 2005 оны УАШТ-д мөнгөн медаль хүртэж байв. Ид үедээ АНУ-ыг зорьж тэнд ажиллаж амьдрах болсон тэрбээр өнгөрсөн жил УАШТ-д 70 кг-д хүрч ирж оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Тэгвэл энэ жил дахин эх орондоо ирж улсын аваргадаа зодоглож залуу тамирчдыг туршлага заан ялж 14 жилийн дараа медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй урт цуврал болж байна. Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн аваргад түрүүлж байсан ОУХМ Д.Цогтбаатар 70 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Женко”-ын Л.Батбаярыг ялж гурван жилийн дараа улсын аваргаас долоо дахь медалиа зүүв.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (19):
1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)
65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)
70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)
79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)
92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
Эмэгтэйчүүдийн 50 кг (15): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Буяндалайн Чимгээ (Хангарьд) 3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)
55 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Батхуягийн Хулан (Аврагч) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)
57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
68 кг (4): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
76 кг (5): 1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс) 2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 3. Ганбатын Ариунжаргал (Алдар)

Бэлтгэсэн: Б.Бат