С.Батцэцэг, О.Насанбурмаа нарын дуэльд хөдөлмөрийн баатар ялав

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Энэ жилийн улсын аварга тамирчид есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д оролцох эрх авах юм. Эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.

Өнөөдрийн хамгийн анхаарал татсан, шуугиантай барилдаан эмэгтэйчүүдийн 68 кг-д “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нарын барилдаан байлаа. Хэн ялсан нь “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө эх орноо төлөөлөн Казахстаныг зорих эрх авах ёстой байлаа. Тэд хамгийн сүүлд 2012 онд “Монголиа Опен” ОУТ болон УАШТ-д таарч барилдахад С.Батцэцэг ялж Лондоны олимпийг зорьж байв. Тэгвэл долоон жилийн дараах уулзалтад С.Батцэцэг хүчтэй өрсөлдөгчөө 6:5-аар яллаа.

Өнөөдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 70 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Батболдын Номин “Ирээдүй” цогцолборын тамирчин Ч.Сүрэнжавт ялагдан медалиас мултарлаа. Дээрх 10 жингийн хагас шигшээ барилдаан нээлтийн ёслолын ажиллагааны дараа, медалийн төлөөх барилдаан маргааш болно.