Ж.Батзандан: Хар тамхины хэргийн цаана ТЕГ-ын дарга асан Б.Хурц байна гэсэн мэдээлэл ирсэн

“Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд тухайлбал, нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон тухайгаа дуулгалаа.  Мөн Монголын дипломатууд хар тамхины хэрэгт холбогдоод байгаа асуудлыг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэхээр болсон бөгөөд тодруулбал, хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ. Хар тамхины хэргийн цаана ТЕГ-ын дарга асан Б.Хурц байна гэсэн мэдээлэл ирсээр байна гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн. Тэрбээр цааш нь "МАНАН мафийн эсрэг тэмцэл 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ноос эхэлсэн. 2018 гарсны дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлыг сөхөж, тэмцлээ эхлүүлсэн. Т.Аюурсайхан, Л.Болд нарын гишүүд "Монголдоо эзэн больё" гэсэн сэтгэлээр нэгдэж 1,6 жил боллоо. Энэ хугацаанд шүүх хяналтын байгууллагаа МАНАН мафийн гараас салгаж авья, М.Энхболдыг огцруулья гэсэн тэмцлийг эхлүүлсэн. 60 тэрбумын хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. АТГ-ын дарга удирдлагууд, прокуроруудыг сольж өөрчилж чадсан. Алдагдсан олон баялаг орд газруудаа МАНАН-аас салгах ажлыг дэс дараатай явуулж байна.

Гэвч бидний тэмцэлд асар их саад учирч байна. Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан дөрвөн үсэгтэй генерал, "сахал" Д.Эрдэнэбилэг нар ямар ч саадгүй гадуур явж байна. Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл баримттайгаа ирсэн. Монголын мафийн толгойлогч бол яг одоо урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Эрдэнэбилэг юм байна. Түүнийг хорьсныхоо төлөө олон шүүгч дарамтад орж байгаагаа хэлж байна. Зоригт, Цогт, Хувьтөгөлдөрийн Идэр, Мишигийн Батсуурь гэх шүүгч нар олон шударга шүүгчийг дарамталж, МАНАН мафийн хүмүүсийг хамгаалж байна. 

Бидний дараагийн тэмцэл шүүгч нарыг өөрчилнө. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх хүсэлтээ төрийн 3 өндөрлөгт явуулсан. Бид удаан харж тэсэхгүй нь. Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр арга алга. Монголын мафи бол биежсэн мафи байна. Тэд хар тамхины сүлжээ мафи болж өргөжсөн байна. Монголын төрийг тэр мафи атгаж байгаа юм байна" гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголын төрд сүүлийн 20 гаруй жил дараах дөрвөн хэлбэрээр МАНАН мафийг санхүүжүүлдэг байсан байна. Үүнд нэгдүгээрт, байгалийн баялаг буюу орд газрууд, лиценз зарах эзэмшүүлэх, хоёрдугаарт, авлига-санхүүгийн суваг буюу томоохон бизнесменнүүдийг дарамталдаг, концесс нэрээр авлига цуглуулдаг, гуравдугаарт, төрийн албаны наймаа буюу 60 тэрбум, дөрөвдүгээрт, хууль бус наймаа буюу тамхи, хар тамхины наймаа юм. Мөн дараах гурван арга хэмжээг авч Монголын төрийг цэвэрлэнэ. Үүнд, толгой хүмүүсийг нь огцруулах, хуулийн болон шүүхийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах. Бид энэ дагуу ажлаа ээлж дараатай хийж байна. Түүнчлэн хар тамхи болон тамхины наймаанд оролцсон мөртлөө төрийн байгууллага, дипломат албанд ажилласаар байгаа 36 хүний нэрсийг гаргасан. Дипломат болон албан паспорт эзэмшиж байгаа мөртлөө гадаадын болон дотоодын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 58 хүний жагсаалтыг гаргасан. Эдгээр хүмүүсийг бид цагдаа, тагнуул, прокурорын байгууллагатай хамтарч шалгана гэлээ.  

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед дуулиан тариад байгаа мэдээллүүдийн талаар тодорхой мэдээллийг өгсөн. Ингэхдээ тэрбээр "Ордон доторх тэмцэл энгийн яриа болж, улс төр хий эргэж, шударга ёсны хүсэмжлэл 95 хүрсэн байгаа энэ үед нэр бүхий парламентийн гишүүд нийгмээ өөрчлөхөөр тэмцлээ эхлүүлж байсан нь түүхэн үнэн. Иргэд цаашлаад улам их зүйл хийгээсэй гэсэн хүлээлттэй байгааг бид мэдэж байна. Би сайдын албан тушаал авчихаад амаа хамхиулахгүй. Баяр наадмын үеэр булхайтай олон зүйл хөшигний цаана өрнөдөг. Иймд бид наадмын өмнө тэмцлээ улам хурцатгана. Бидний нэг жил ордон дотроос болон ордны гаднаас хийсэн тэмцэл эцсийн шатандаа буюу шүүхийн шатандаа очих гэж байна. Шүүхийн гурван шатаар ялагдсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн бичлэг илэрсэн. Төлөвлөгөө гаргаж хамтдаа хийсэн прокурор, тагнуул, АТГ-ын удирдлагуудыг шүүх яаж шийдэхийг дэлхий нийт харж байна. Иймд бид энэ хэргийг нүд цавчихгүй харах ёстой. Ялангуяа баяр наадмын үеэр хөшигний ард булхайтай шийдвэр гарчих вий" гэсэн юм. Мэдээллийн сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан. 

-Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй нэр бүхий хүн бий гэлээ. Яг хэн юм бэ? 

-Т.Аюурсайхан: УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл, баримтууд ирсэн. Одоо хууль шүүхийнхэн илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Та бүхэнд удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Хамтран ажиллаарай.

-Ж.Батзандан: 2003 онд Унгарын элчин сайд байсан Г.Солтан гуайн бичиг миний гар дээр байна. Тэнд ажиллаж байсан Б.Хурц гэдэг хүн тамхины наймаа хийгээд байна. Энэ хүнийг татаж аваач гэсэн хүсэлт байна. Мөн Москвад ажиллаж байсан Эрдэнэ /одоо Хонгконгд ажиллаж байгаа/ тэргүүтэй хүмүүс тамхины наймаа хийж байсан. БНАСАУ-д байгаа Цоггэрэл гэдэг хүн ч хийдэг гэсэн мэдээлэл ирсэн. Тамхины наймаа өргөжөөд хар тамхины наймаа болсон. Энэ сүлжээ маш нарийн зохион байгууллалттай. Гадаад хэргийн яам, тагнуулын байгууллагын хэрсэн том сүлжээ болох нь харагдаж байна.