АТГ: М.Энхсайханыг бусдад хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан саатуулсан

Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг өчгдөр орой АТГ-ынхан баривчилсан тухай мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас түүнийг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан сэжигтнээр баривчилсан хэмээн мэдээллээ.

Тодруулбал, М.Энхсайхан нь Монгол Улсын сайдаар ажиллаж байх үедээ Тавантолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, Засгийн газрын хуралдаанаар батлуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлагууд мэдэж, үйлдлийг нь таслан зогсоож байсан. Мөн тухайн үед энэ асуудлаар олон нийт байр сууриа илэрхийлж "Эрдэнэс Тавантолгойн"-н үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд эсэргүүцэж мэдээлэл хүртэл хийж байсан юм. Тэгвэл АТГ-аас Монгол Улсын сайд М.Энхсайханыг саатуулахдаа "Эрдэнэс Тавантолгой"ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Эрдэнэ нарын хүмүүсээс мэдүүлэг авсан аж.   

Дашрамд мэдээлэхэд, сайд асан М.Энхсайханы боловсруулсан уг гэрээгээр 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газрыг 30 жилийн хугацаатайгаар гадаадын хөрөнгө оруулагч нарт  өгөх гэж байсан бөгөөд хөрөнгө оруулагч нь Тавантолгойн ордын нүүрсийг өмчлөх, барьцаалах эрхтэй байна хэмээн заасан байдаг юм.