Сайн мэдээ: Мэргэжлийн боловсролын 1000 багш компьютертэй боллоо

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож,  коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Хот, хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарын төлөөлөл оролцсон уулзалтыг  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4624 багш, ажиллагсад ажиллаж байгаагаас 2469 нь багш, 38,5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж,  төгсөгчдийн 72,3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагдаж буй болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө.

Тэрбээр мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байгааг дуулгалаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар  товч танилцуулсан.

Ерөнхий сайд  хэлэхдээ Монгол Улсын аль ч цаг үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг сахилга хариуцлагатай, санаачилга зохион байгуулалттай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчид манлайлж явсан түүхтэй. Энэ манлайлагчдыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, тэдгээрийн гол хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургаж бэлтгэж ирсэн уламжлалтай. Улс орны хөгжил та бүгдийн нуруун дээр явж ирсэн. та бүгдийн гавьяа зүтгэлд Монгол Улсын Засгийн газар мэхийн ёсолж байна гэсэн юм. 

Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10 хувь болгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөниийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэе гэсэн юм. 

Мөн уулзалтад оролцогч багш нарын хүсэл, санаачлагыг үндэслэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг ирэх аравдугаар сард өөрийн ивээл дор зохион байгуулж өгнө гэдгээ амлалаа.  Уулзалтад оролцсон багш, сурагчдын төлөөлөл Ерөнхий сайдад хандан үг хэлж санал бодлоо илэрхийллээ. Тэд МСҮТ, Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн жилд  24.9 мянган суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өссөн төдийгүй энэ үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс даруй 5000 гаруйгаар өссөн дүн гэдгийг хэлж, залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсныг мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болохоор байгааг ярьж байлаа.

 Ерөнхий сайдын уулзалтын үеэр төлөвлөсөн нэг арга хэмжээ нь багш нарт компьютер гардуулах байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталсан юм. Энэ хүрээнд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарч Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1000 багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх зөөврийн болон суурин компьютертэй болж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г хийж байна. Энэ судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг.  Энэ судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа аж.