Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон сэжигтэнг баривчилжээ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр Цагдан хорих 461-дүгээр ангид саатуулагдаж байгаад оргосон сэжигтэн С.Төмөрийг өнөөдөр /2019.06.21/ 06.00 цагийн үед Замын-Үүдээс баривчилсан байна.

Сэжигтэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа сэтгэл зүйчийн өрөөнөөс оргон зайлсан бөгөөд улс даяар эхэрн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан юм. Улмаар сэжигтэн Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилжээ.

Дашрамд мэдээлэхэд, С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэдгийг албаныхан онцлоод байсан билээ.