Н.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө авсныг тус улсын прокурорынхон баталжээ

АТГ-ынхан Монголбакны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.

Ингэхдээ түүнийг  Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд дэмжлэг үзүүлж, бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн санал гаргаж, яллагдагчаар татаад байсан. Мөн үүнээс гадна Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан. Хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Н.Золжаргал нь Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан бөгөөд 650 мянган ам.доллараар тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газар баталжээ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа аж.