Алдаатай шалгалтын материал ашигласан “Шинэ эрин” сургуулийг дахин шалгалт авахыг шаардлаа

“Шинэ эрин” дунд сургуулийн шалгалтын материал алдаатай бодлоготой байснаас 1250 хүүхдийн эрх ашиг зѳрчигдсѳн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл  “Шинэ эрин” сургуулийн зургадугаар ангид элсэн суралцах хүсэлтэй, шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл өгөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Кембрижийн сургалттай “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” гэсэн хоёр сургуулийн дунд ангийн элсэлтийн шалгалтын явц шударга бус боллоо. Тус сургууль дунд ангийн бүртгэлээ зохион байгуулахдаа нэг хүүхдээс 25 мянган төгрөгийн хураамж авсан. Шалгалт энэ сарын 16-ны өдөр 11.00 цагт болж, дүнг нь тэр даруйд мэдээлсэн. Гадна талбайд эцэг, эхчүүдэд тусгай дэлгэцээр харуулж, оноог шууд жагсаах байдлаар харуулсан. Шалгалтын үйл явц дууссаны дараагаар зарим хүүхдүүдээс алдаатай бодлого байсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн үед сургуулийн захиргаа шалгалтын материал алдаатай байсныг мэдээгүй байсан. Тэгээд шалгалт зохион байгуулсан өдрийн оройн 21.00 цагт сургуулийнхаа вэб сайтад шалгалтын материалыг нийтэлсэн. Тэр материалыг хүүхдүүд хараад “Тийм байгаа биз дээ. Энэ бодлого алдаатай байна” гэж хэлсэн. Зарим хүүхдийн эцэг, эх багш нараар хянуулахад үнэхээр алдаатай байсан. Тэгээд тус сургуулийн сургалтын менежертэй нь  уулзахад “Та өргөдөл бичээд өг” гэхээр нь бичиж өгсөн. Харин захиралтай нь уулзахад “Манай сургууль өнгөрсөн долоон жил элсэлтийн шалгалт зохион байгуулж байна. Алдаа гарах ёсгүй. Шалгалтын тест зөв гэдэгт 99.9 хувьтай гэдэгт итгэлтэй байна” гэж хариулсан. Гэтэл маргааш өдөр 15.30 минутын орчимд тус сургуулийн вэб сайтад байршсан алдаатай шалгалтын материалаа сольсон. Улмаар эцэг, эхчүүдийг дуудаж сургууль дээрээ уулзсан. Ингэхдээ “Элсэлтийн шалгалтын материал алдаатай байна. Алдаа гаргахдаа “А” вариантын 28, 40 дүгээр бодлого, “Б” вариантын 18 дугаар бодлого хоёр зөв хариулттай, есдүгээр бодлого нь бас алдаатай байсан” гэдгийг хүлээн зөвшөөрч хэлсэн” хэмээн ярьсан юм.

Иймээс эцэг, эхчүүд “Сургуулийн захиргааг шалгалтын материал алдаатай байсан талаар танилцуулахыг шаардсан ба одоогийн байдлаар 61 эцэг, эх гарын үсэг зурж, гомдол гаргаад байна. Харин салбар яамны удирдлагуудад энэ асуудлаар хандахад “Бид энэ асуудлыг мэдэхгүй. “Шинэ эрин” сургууль захиргаа өөрсдөө шалгалт зохион байгуулах асуудлаа хариуцна” гэжээ. 

Дашрамд мэдээлэхэд тус сургууль шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөр гэж нэг хүүхдээс 25 мянган төгрөг авсан. Шалгалтад 1250 хүүхэд орсон юм байна.