"Жаст" группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан гэх дуулианд нэр холбогдоод багагүй хугацаа өнгөрч байгаа.

Энэ хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа бөгөөд улмаар түүний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Ингэснээр Засгийн газар хохирлоо нөхөн төлүүлэх боломж бүрдэж буй аж. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн бөгөөд тэрбээр "Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орно" гэсэн юм.

Юутай ч албаныхан Ш.Батхүүгийн эд хөрөнгийн жагсаалтыг нь гаргасны дараа дуудлага худалдаанд оруулах эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийдэх аж. Ингэхдээ АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа Засгийн газрын зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандах улмаар дараа нь улсыг хохиролгүй болгох, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгохоор болжээ.