Л.Оюун-Эрдэнэ:

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон даруйдаа Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Улмаар нэлээдгүй зөрчил байгааг хэлж, удирдлагын багт өөрчлөлт оруулсан. Мөн шалгалтаар тус банкнаас зээл авсан хэд хэдэн компани зээлийн төлөлтөө хийгээгүй, графикийн дагуу төлөлтөө хийхгүй байгаа учраас хуулийн байгууллагад хандана гэсэн юм. Мөн энэ үеэр “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсан. Ингэхдээ эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээл авсан байна. Хамгийн гол нь, Б.Эрдэнэбат уг зээлийг ямарч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө  хийгээгүй гэж байсан билээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлчид тодрууллаа.

-"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат "Хөгжлийн банкнаас авсан өрөө хугацаанд нь төлж байгаа" гэж мэдэгдсэн. Гэтэл та төлөөгүй гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

-Эрэл компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн асуудал үүссэн. Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больчихсон. Зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухйн зээлийг Хөгжлийн банк өөрөө амьтай, амьгүйг нь дүгнэнэ. Ер нь нэр бүхий 7-8 компани дээр эргэн төлөлтийн график эвдэгдсэн зүйл байгаа. Нэгдүгээрт хугацааг нь сунгах уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Хоёрдугаарт тухайн комани эргэн төлөх нөхцөл бүрдэх үү гэдэг асуудлаар шалгана. Тухайн компанийн борлуулалтыг ч юм уу харна гэсэн үг. Хөтөлийн цемент, Кю Эй Си гэх мэт зээлээ огт төлөөгүй компаниуд байгаа. Энэ компаниудын асуудлыг АТГ болон бусад газар шилжүүлнэ. 

-Зээлээ төлж чадахгүй байгаа ААН-үүдийн зээлийг төр өмнөөс нь төлж өгөөд байх нь зөв үү?

-Үнэхээр ач холбогдолтой төсөл байвал яагаад болохгүй гэж. Жишээлбэл одоо байгаа зах зээлийн ханшаас 30-40 хувь хямд орон сууцыг төр өөрөө барих гэж хичээж болохгүй гэж.

 

-Засгийн газраас тусгай сангууд, Хөгжлийн банк зэрэг газарт шалгалт хийсэн дүн гарсан байхад асуудлыг хурдан шуурхай нэг талд нь гаргах боломж байхгүй юм уу?

-Хуулийн байгууллагаас очиж асуух хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн гэсэн баримт манай талд ирсэн үү. Энэ төлбөр өөр дансанд орсон гэх мэдээлэл гараад байгаа?

-40 сая ам.долларын асуудал журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах асуудал л үүссэн. Хууль хяналтын байгууллага дээр хэрэг нь явж байгаа. Шийдэгдэх байх. 40 сая ам.доллар төлсөн баримтыг би гаргаж ирж харуулъя.