Эрэгтэй баг ДАШТ-ий эхний хоёр тоглолтдоо ялалт байгууллаа

Өнөөдөр буюу 2019 оны зургадугаар сарын 18-нд Нидерландын нийслэл Амстердам хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "World cup" насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улс анх удаа эрэгтэй, эмэгтэй шигшээ багаа сойж байгаа бөгөөд өнөөдөр тус бүр хэсгийн хоёр тоглолтыг хийлээ. 

ДАШТ-д манай эрэгтэй баг хоёр дахиа оролцож байгаа бөгөөд Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй баг хэсэгтээ ОХУ, Эстон, Пуэрто-Рико, Украины сагсан бөмбөгчидтэй учраа таарчээ. Харин бүсгүйчүүд анх удаа дэлхийн давцанд өрсөлдөж байгаа бөгөөд Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар удирдуулсан баг Иран, Румын, Чех, Испаний багуудтай нэг хэсэгт хуваарилагдсан юм.  Харамсалтай нь манай эмэгтэйчүүдийн багийнхан өнөөдөр Иран, Румыний багтай өрсөлдөж ялагдал хүлээсэн байна.

Харин эрэгтэй баг маань эхний тоглолтоо хойд хөрш ОХУ-ын эсрэг хийж 14:12-оор хожсон бол хоёр дахь тоглолтоо Эстоны эсрэг хийж 20:17-гоор буулгаж авчээ. 

Тэд пүрэв гаригт хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо Пуэрто-Рико, Украины шигшээ багуудтай хийх бол, бүсгүйчүүд Чех, Испаний багуудтай өрсөлдөнө.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийг Монголд Mnba Sports TV Channel суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна.  

Монгол - ОХУ 14:12 /Эрэгтэй/

Монгол - Эстон 20:17 /Эрэгтэй/

Монгол - Иран 18:19 /Эмэгтэй/

Монгол - Румын 4:22