Азийн урлагийн их наадам манай улсад анх удаа болж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов.

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, БНХАУ, БНСУ, БНФУ, БНЭУ, БНУУ, Япон, Йордан, Малайз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй оролцогч хүрэлцэн ирж орж байгаагаас гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 гаруй ардын авьяастнууд оролцож, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх ажээ. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Наадмын гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх юм байна.

Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-ний хооронд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр нийслэлийн Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгын байранд тус тус явагдах юм байна. Гадаад оролцогчдын шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр Соёлын төв өргөөнд болох аж. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15, 16-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.