УЦУОШГ: Маргаашнаас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно.

Тодруулбал, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Иймээс иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Мөн энэ үеэр салхи шуургатай байх бөгөөд тодруулбал, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх аж.