Ерөнхийлөгч Ерөнхий сайдад сануулга өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу гэжээ.

эх сурвалж: president.mn