ГХ-ийн сайд Д.Цогтбаатар, БХ-ын сайд Н.Энхболд нараас асуух асуулт байна

Монгол Төрийн алтан аргамж хэмээн яригдаж, хүндлэгдэж ирсэн манай дипломатуудын асуудал сүүлийн үед Монголын биш дэлхийн асуудал болоод байна.

Ар өврийн хаалгаар томилогдсон зарим нь хар тамхины хэрэгт холбогдож эх орныхоо нэрийг олон улсад унагаж байгаа бол өөр нэг нь насаараа Гадаад хэргийн яаманд ном журмаар нь ажиллаж болзлыг нь биелүүдээд ч явж чаддаггүй дипломат албанд төвөггүйхэн морьдох. Чухам хэний хүү, аавын охины аз нь гийв гэхээр өнөөх л Төрийн ордонд суугаа хэдтэй ямар нэг байдлаар хамааралтай болж таардаг. Энэ нь ч сүүлдээ олны бухимдлыг төрүүлж яагаад, яагаад гэсэн асуултыг тавихаас аргагүйд хүргэж байгаа юм. 

Тухайлбал, өчигдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү, хүргэн хоёр нь Бээжин, БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орлоо. Үүнийг сонссон олон нийт бухимдаж, мөн л яагаад ийм юм болов гэсэн асуултыг асууж байна. Харин үүнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан" хэмээн хариуллаа. Бас энэ асуултад эгдүүцэж буй нь илт байсан.  

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа. Тэгэхнээ Н.Энхболд сайдын хүү арав орчим жил ГХЯ-д ажилласан нь үнэн юм байна. Гэхдээ үүнд нэг зүйл анхаарал татаад буй нь сүүлд очсон томилгоо. Учир нь ГХЯ бол босго өндөр төрийн алба. Энэ ч утгаараа яамнаас эхлээд гадаад оронд байх Элчин сайдын яаманд хэний хүүхэд байхаас үл хамаарч ямар албан тушаалд очих цаашлаад үүний тулд хэчнээн жил ямар ямар албыг хашсан байх ёстой вэ гэдэг нь чухал. Нэг ёсондоо энэ бүхэн олны яриад байгаа туршлага юм. Харин  сайдын хүүгийн хувьд энэ туршлагад хараахан хүрээгүй.

Тодруулбал, Н.Энхболд сайдын хүү нь хамгийн сүүлд яамны Дипломат ёслолын газрын дэд захирлын албыг хашиж байгаад Бээжин дэх Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар томилогдож. Гэтэл ном журмаараа бол энэ албанд арван жил ажилласан хүн битгий хэл түүнээс ч олон жил "тогоондоо чанагдсан" дипломат ч амархан томилогдож чаддаггүй аж. Үүнээс гадна Н.Энхболд сайдын хүү энэ албанд очихдоо Гуравдугаар нарийн бичгийн дарга байсан бөгөөд хамгийн ноцтой нь хоёр болон нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн зөвлөх гэсэн албан тушаалуудыг алгассан байгаа юм.  Иймээс л дипломат албанд арван жил ч ажиллаагүй "хүүхэд" шууд л газрын дэд дарга болсон байна гэдэг нь анхаарал татаж буй. Нөгөө талаар Коснулын хэлтсийн дарга болно гэдэг маш том үүрэг хариуцлага байдаг. Тус улсдаа ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг гэдэг утгаараа хууль эрх зүйн мэдлэгтэй байх ёстой. Гэтэл эрхэм сайдын хүүд ийм туршлага бий эсэх нь бас л эргэлзээтэй.

Мөн ийм учраас энэ томлогоог хэвлэлийнхэн онцолж, Н.Энхболд сайдаас "Энэ томилгоонд таны нөлөө орсон уу хэмээн асуусан. Харин үүнд сайд, "Мэргэжлийнхээ шугамаар ажлаа хийж яваад л очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар, яагаад томилсныг нь асуу" хэмээлээ. Тиймээс Д.Цогтбаатар сайдаас асууя. Тантай хамт нэг кабенитад ажилладаг Н.Энхболдын хүү үнэхээр ном журмын дагуу энэ албад очсон уу гэж. Хэрэв тийм бол та энэ албанд ямар шалгуур хангасан хүн очих ёстой байдаг. Н.Энхболд сайдын хүү тэдгээрийг бүрэн хангасан гэдгийг албан ёсоор тайлбарла. Тэгэж чадвал энэ албанд зүрх сэтгэлээ зориулж, мэргэшсэн жирийн ардын "хүүхдүүдийн" хувьд мөрөөдөл нь болсон консул, Элчин сайдын яаманд чаддаг мэддэг, туршлагатай бас Дипломат албанд болзол нь хангагдсан л бол хэний ч хүү, аавын охин очдог юм байна гэдэгт итгэж, элдэв эргэлзээ нь тайлагдана. Хэрэв тайлбарлаж яадахгүй бол асуудал үүснэ. Таны багтаж буй Засгийн газар цаашлаад Монгол Улсын дипломат албаны нэр хүндийн асуудал яригдаж байгаа учраас энэ салбарыг хариуцсан сайд ТА  бусдыгаа ч хөлдөө чирж мэдэх юм.

Бид мөн энэ сэдвийг үргэлжлүүлэх бөгөөд Гадаадад суугаа улсаа төлөөлөн Суугаа Элчин сайдын яаманд ямар хүмүүс томилогддог, мөн тэдний хууль бус наймаа буюу визний наймааны талаар цувралаар хөндөх болно.  

Энд мөн дээрх томилгоотой холбоотойгоор Н.Энхболд сайдын хэвлэлд өгсөн байр суурийг давхар хүргэж байна. 

-Таны хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдож, мөн хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр  томилогдсонд та ямар тайлбар хийх вэ?

-Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Угаасаа яамандаа ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн байгаа. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Таны хүүг тавдугаар сарын сүүлээр Сөүлд томилох тушаал гарсан байсан?

-Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Жирийн ардын  хүүхдэд орох  мөрөөдөл нь болсон консул, Элчин сайдын яаманд зөвхөн сайд, дарга нарын хүүхэд очдог ойлголт нийгэмд нэгэнт бий болчихлоо. Таны хүү, хүргэн хоёр ч гэсэн  мөн л ялгаагүй?

-Мэргэжлийнхээ шугамаар ажлаа хийж яваад л очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар, яагаад томилсныг нь асуу.

-Та томилгоонд  нөлөөлсөн үү?

-Надад  нөлөөлсөн зүйл байхгүй.

-Яаманд танай хүү яг ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Газрын дэд захирлаар ажиллаж байсан. Манай хүүг та нар таних уу?

-Үгүй

-Тэгвэл асуугаарай. Хэр зэрэг, ямар ажиллаж байсныг нь.

үргэлжлэл бий....