О.Баасанхүү: Би намаасаа гарахгүйгээр АН-тай хамтран ажиллана

МАХН-аас УИХ-д суудал авсан цорын ганц гишүүн болох О.Баасанхүү өчигдөр өөрийн цахим хуудасдаа "Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлнэ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Улмаар олон нийт түүнийг МАХН-аас гарах нь хэмээгээд зарим нь "Зөв шийвэр. Эрх баригчидтай тэгэж тэмцэх хэрэгтэй"  гэсэн бол нөгөө хэсэг нь "О.Баасанхүүг намын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшүүлэхгүй. Үүнийг мань хүн мэдэж байгаа. Өөрөө ч намын дарга аа их гоочилсон. Одоо мань хүн хаяагаа манаж АН-ынхнаас "Ахаа намайг бодоорой" гэх гэж байна" хэмээн шүүмжилсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Би намаасаа гарахгүйгээр, МАХН-ын гишүүний хувьд хамтран ажиллах болно. Сөрөг хүчин өнөөдөр маш сул байна" гэсэн юм.