Чуулган: Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Тодруулбал, Цэцээс нөхөн сонгууль товлон зарласан Сонгуулийн хууль Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлэлцэх байсан. Дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.

 

Мөн өнөөдрийн үдээс хойших чуулганы  хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Учир нь Ерөнхийлөгч тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавиад байсан. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 65,9 хувийн саналаар хүлээж авахаар боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулсан асуулт болон Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын өгсөн тодруулгыг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат: 

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ардчилсан намын зөвлөл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Захиргааны эрх зүй Монголд яг сууриа тавьж буй салбар. Харамсалтай нь, Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт нь Засгийн газарт хэтэрхий эрх мэдэл олгосон гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын зөвлөл дэмжиж байгаа. Ялангуяа, энэ хууль захиргааны байгууллагын дур зоргоороо авирлах, иргэн хүн эрхээ хамгаалуулах эрхгүй болох,  Батлан хамгаалах яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлал, Хууль зүйн яамд дур зоргоороо шийдвэр гаргах эрхтэй болж байгаа юм. Тиймээс бид танай, манай гэхгүйгээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд явах нь зүйтэй байна. Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан заалтуудаас үүдэн ямар хохирол учирч болох талаар тодорхой мэдээлэл өгч болох уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Үндсэн хуультай холбоотой заалтуудыг Захиргааны хууль хамаарахгүй байж болно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монголд нэг гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагын устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Засгийн газрын тогтоолоор жишиг тогтоох, гэрээт ажилчдыг цомхотгох шийдвэрийг гаргахад ажилчид Захиргааны шүүхэд хандах боломж бий юу. Хууль зүй, дотоод хэргийн яам жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн том толгойтой сайд зараагүй л байна. Энэ асуудлаар Захиргааны хуульд гомдол гаргаж болох уу. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй байна гэж л би ойлгоод байгаа юм. Монгол Улсын иргэн шударга шүүхээр эрхээ эдэлнэ гэж байдаг. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Таны дурдсан кэйсүүдээр бол Захиргааны шүүхэд хандах боломжгүй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цомхотголд орвол  шүүхэд хандах эрхгүй болох юм. Тэгэхээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй нь Захиргааны шүүхэд харьяалагдахгүй бусад нь шууд харьяалагдана.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөх тогтол гардаггүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй, харин ч илүү их уртасгасан.  Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй.