Д.Эрдэнэ: Б.Баттүшиг Төрийн албаны дэргэд дипломат албаны шаардлагыг хангаж ажиллаж байсан хүн

Манай улсын хоёр дипломатч ХБНГУ-ын хилийн бүс орчимд их хэмжээний буюу 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан. Энэ асуудлаар өчигдөр ГХЯ-наас мэдээлэл өгч "Манай нэг дипломат ажилтанг жолоочийн хамт саатуулсан. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл яг энэ асуудлаар Тагнуулын Ерөнхий Газрын Тамгын газрын дарга хурандаа Д.Эрдэнэ албан ёсоор тайлбар өглөө.

Тэрбээр "2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр дипломат машинтай нэвтэрч байх үедээ саатуулагдсан. Тэд 70 кг гроин буюу мансууруулах бодис тээвэрлэж явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Энэ асуудалтай холбогдуулан ХБНГУ-ын Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Тагнуулын байгууллагаас энэ хэрэгт холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна. 2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсад дипломат албан паспорт дипломат дугаартай автомашин ашиглан хууль бусаар гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл ирж байсан. Үүний дагуу ГХЯ, ТЕГ хамтраад хэд хэдэн чиглэлээр шалгалт явуулж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Энэ хэрэг шалгалтын үед буюу тавдугаар сард гарсан. Герман улстай Монгол Улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх харилцаа холбоо байхгүй. Тийм учраас энэ хэргийг ХБНГУ-ын  хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Дипломатуудын унаж байсан дипломат дугаартай автомашин нь хувийн автомашин байсан. Учир нь дипломатууд тухайн улсдаа хувийн хэрэгцээнд ашиглах автомашиндаа дипломат дугаар авч болдог. Тийм машиныг хэрэгт ашигласан байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энэ талаар ямар учраас энэ машинаар явж байсан. Яагаад Турк улсад үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан хоёр хүн Герман улсад явж байсан, их хэмжээний мансууруулах бодисыг хаанаас олж авсныг шалгаж тогтооно. Шалгалт үргэлжилж байна" гэлээ.  Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм. 

-Хэрэгт холбогдоод байгаа Б.Баттүшигийг Тагнуулын байгууллагаас томилсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Б.Баттүшиг өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Гадаад хэргийн яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Төрийн албаны дэргэд Дипломат  албаны шаардлагыг хангаж ажиллаж байсан хүн.

 

-Б.Баттүшиг “Би тагнуулын байгууллагаас томилогдож очсон хүн.  Гадаад харилцааны яамны хүн биш гээд Ерөнхий консулынхаа үгийг үл тоодог байсан гэх мэдээлэл байна?

-Тэр талаар мэдэхгүй байна. Гадаад хэргийн яамнаас томилогдсон албан тушаалтан.

-Гадаад хэргийн яамнаас энэ оны нэгдүгээр сараас хойш хар тамхины хэрэг хилийн чанадад үйлдэгдэж байгаа тул шалгаж өггнө үү гэсэн хүсэлтийг Тагнуулын байгууллагад тавьж байсан юм уу?

-Энэ мэдээлэл тагнуулын байгууллагын шугамаар орж ирсэн. Хилийн чанадад 2018 оны байдлаар 1400-аад орчим хар тамхины болон хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хэргүүдийн статистик судалгааг Гадаад харилцааны яамнаас өгсөн. Тэр дундаа 160 гаруй хүн гадаадад ял эдэлж байгаа. Тэдний 50 гаруй нь хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна.

-Дипломатаар томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогджээ. Тэгэхээр гаднын иргэдэд үйлчилсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар “гар хөл” болсон асуудал байгаа болов уу?

-Томилогдож очоод удаагүй байхдаа ноцтой гэмт хэрэгт холбогдоно гэдэг бол анхаарал татсан асуудал мөн. Тагнуулын байгууллага иргэдээ зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдаад явдаг асуудалд холбогдуулахгүйн тулд  урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

-Манай улсын иргэд тухайн улсын хуулиар хэчнээн жилийн ял эдлэх вэ. Та бүхэн тухайн улсын ялын бодлогыг судалж үзсэн үү?

-Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тэр тусмаа хар тамхийг нууцаар хил давуулах нь маш ноцтой гэмт хэрэг.

-Гадаад харилцааны яамнаас энэ оны нэгдүгээр сард Истамбулын Консулын газрыг шалгасан гэж байсан. Тэр үеэр сэжиг таамаг илрээгүй юу. Энэ төрлийн гэмт хэргийг туйлд нь хүргэхээс наагуур арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Гадаад хэргийн яамнаас дотоод шалгалтаараа юу шалгасныг нь тагнуулын байгууллага мэдэхгүй.

-Гадаад харилцааны яамнаас танайд хүсэлт тавиад дөрвөн сар өнгөрч байгаа талаар мэдээлсэн.

-Ний нуугүй хэлэхэд хар тамхийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь далд аргаар, өндөр зохион байгуулалт дор үйлдэгддэг гэмт хэрэг. Хэргийг хууль хяналтын байгууллага тогтоохоор ажиллаж байна. Гэхдээ одоогоор тодорхой болоогүй байна.

-Энэ хэрэг олон удаагийн давтамжтай байх болов уу?

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинэ нөхцөл байдал тогтоогдох юм бол мэдээлэл өгнө.

-Хоёр иргэнийг эх оронд нь шилжүүлэх боломжтой юу?

-Энэ чиглэлээр Гадаад харилцааны яам, Тагнуулын байгууллага хамтарч ажиллана. Аль ч улс орон энэ тохиолдолд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Хоёрдугаарт, хариуцлагын асуудал яригдах ёстой. Их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц хар тамхины асуудал яригдаж байна.

-Үүний ард олон хүн холбогдох эрсдэл байна уу?

-Тийм магадлал их өндөр байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Тагнуулын байгууллагаас Герман дах Консулын газрыг нэгжсэн гэдэг мэдээлэл Германы сайтаар гарсан байсан. Энэ мэдээлэл бодитой юу?

-Тэр талаар бол мэдэхгүй байна.