Монголын шигшээ баг эхний даалгавраа амжилттай биелүүллээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай хийж, 2:0-ээр хожлоо.

Талбайдаа хийж буй эхний тоглолтдоо заавал хожих даалгавартай байсан "Талын хөх чононууд"-ын ахлагч Н.Цэдэнбал 9 дэх минутад шууд чөлөөт цохилтоос гоол оруулав. Эсрэг багийн хаалгачийн их талд тун гоёмсог цохилтоор оруулсан уг гоол манай шигшээ багт тэргүүллийг олгоод зогсохгүй, хожил авах итгэл найдвар өгсөн юм.

Эхний хагаст 1:0-ээр давамгайлсан Монголын шигшээ баг шийдвэрлэх үед тэргүүллээ баталгаажуулж, Брунейн Даруссаламын багийг 2:0-ээр буулган авлаа. Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа Н.Наранболд тооны харьцааг 2:0 болгож, үзэгчдээ дахин нэг баярлуулав.

Хариу тоглолт 06-р сарын 11-нд 20:00 цагаас Бруней Даруссалам улсын талбайд болно. Гурван сая гаруй Монголчуудын итгэлийг дааж яваа шигшээ багийн залуустаа амжилт хүсье.

                                                                                                                                           Монголын хөлбөмбөгийн холбоо

Монгол - Бруней 2:0 тоглолтын тойм

: