Л.Мөнхтүшиг: Манай нэг дипломат ажилтанг жолоочийн хамт саатуулсан. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг

Манай улсын хоёр дипломатч их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ХБНГУ-ын Дрезден хотын шалгах нэвтрүүлэх хилийн боомтоор энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр нэвтэрсэн Монголын дипломат пасспорттой хоёр төрийн албан хаагчийн дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Шалгах явцад 70 килограмм героины төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгтэй холбогдуулаад Германы тал тухайн автомашинд зорчиж явсан Станбул дахь Монголын Консулын газрын нэг дипломат ажилтанг жолоочийн хамт саатуулсан. Манайхаас энэ талаархи мэдээллийг авсан даруйдаа Консулын чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Станбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс гэдэг нь үнэн.  Консулаар нэг жил ажиллаж байгаа хүн. Өмнө нь ОХУ-д ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Тухайн улсын хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн улсын Консулын асуудал болдог. Тиймээс бид Консулын төвшинд ажлаа хийж байна. Ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан зүйл байхгүй. Ямар шалтгаанаар Германы хот руу явсан, энэ хэрэгт холбоотой байж болзошгүй  бусад монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Шалгах ажил хийгдэж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна" гэлээ. Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-Хэрэг тавдугаар сарын 3-нд болсон атал яагаад мэдээллийг сар гаруйн хугацаанд нуусан юм бэ?

-Манайхаас мэдээллийг нуугаагүй. Хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа Монгол иргэдтэй холбоотой мэдээллийг бид Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээг авч, ар гэрт нь мэдэгддэг. Суугаа улс нь Элчин сайдын яаманд мэдэгддэг. Энэ хэргийг шалгаад явж байна. Хувь хүний нууцыг хамгаалах  асуудал ч байдаг.  Суугаа орны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Консулын асуудал болдог. Консулын чиглэлээр ажиллаж байна. Нуусан зүйл байхгүй.

-Герман руу ямар ажлаар явж байсан юм бол?

-Яг одоо энэ асуудал шалгаж байна.  Цаанаа Монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

–Туркийн Станбулд Ерөнхий консулаар сууж байсан Э.Мөнх-Очирыг чөлөөлсөн атал дараагийн хүнийг нь томилохгүй удсанаас ажилтнууд нь дураараа дургиж байна гэх мэдээлэл гардаг. Томилгоог яаралтай хийж болдоггүй юм уу?

-Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газраас шийдвэр гаргаад эгүүлэн татсан. Дараагийн хүнийг томилох асуудлыг тухайн улсаас зөвшөөрөл аваад томилдог.

-Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүдтэй холбоотой юу. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн хүүхэд байсан гэх. Энэ үнэн үү?

-Хэргийг шалгаж байгаа учраас мэдээллийг дэлгэрэнгүй нэртэй нь хэлэх боломжгүй.Мөрдөн байцаалтын нууц гэж юм бий.