Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай өгүүлэх баримтат, түүхэн “Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ.
Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” киноны зохиолыг бичиж, ерөнхий продюсераар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байгаа. Тэгвэл кино зураг авалтын Эрхүү хот дахь үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар ОХУ-ын Эрхүү хотын “АС Байкал” телевизийн ерөнхий продюсер Р.Г.Синтоцкий “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалтын 25-30 хувь нь ОХУ-д явагдах аж.
Мөн “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны бэлтгэл ажлын хүрээнд Эрхүү хотын Захирагчийн албаны Нийгмийн бодлого, урлаг, соёлын хэлтсийн дарга В.И.Барышников, Залуучуудын бодлого, урлаг, аялал жуулчлалын газрын дарга Чернышов Антон зэрэг албаны хүмүүстэй ерөнхий найруулагч А.Мөнхсүх уулзаж, хамтран ажиллах, ОХУ дахь зураг авалтад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон байна. “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт энэ сарын 15-нд эхэлнэ.