FIBA-гийн төлөөлөгчид МҮОХ-д зочиллоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны дэлхийн цомын тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 07-ны өдөр дүнгээ гаргах тус тэмцээнд 36 улсын баг, тамирчид ур чадвараа сорьж байгаа.

Өчигдөр/2019.06.03/ Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/-ны 3х3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов. "Токио - 2020" Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдсан байна.