МАН-ын бүлэг Захиргааны Ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгч хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Захиргааны Ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал болон Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАН-ын Бүлгийн даргын мэдээлснээр УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгосныг хэлэлцээд дэмжсэн байна. Энэ талаар тэрбээр “Г.Баясгалан мэргэжлийн хүн, салбартаа олон жил ажилласан хүн тул ҮХЦ-ийн гишүүнд дэмжсэн" гэсэн юм. Г.Баясгалангийн хувьд Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн  төрийн мэргэшсэн албан хаагч юм. Хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч.  Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан билээ.

Түүнчлэн өнөөдөр хуралдсан бүлгийн хурлаар Захиргааны Ерөнхий хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. 

Харин гуравдугаарт Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр"2017 онд УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт УИХ-ын 12 гишүүн багтсан. Ажлын хэсэгт бие даагч, АН-ын төлөөлөл ч бас бий. Ажлын хэсгийн гол зорилго 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар хийх хууль байсан. Энэ хуулийн дагуу 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг хийсэн. Гэхдээ цаашдаа гурван өөр сонгуулийг нэг хуулиар хийх нь эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм байна гэсэн сургамж авсан. Үүнийхээ дагуу ажлын хэсэг ажиллаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын нь тусдаа хуулиар, орон нутаг, сум, дүүргийн сонгууль нь бас нэг өөр хуулиар явагдах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуульд зарим өөрчлөлтүүдийг хийсэн. Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн эрх баригч нар ашигтай байдлаар баталдаг практик байсаар ирсэн. Цаашдаа Монгол Улсын эрх ашиг, ард иргэдэд хэрэгтэй хувилбар нь юу байх вэ гэдгийг ажлын хэсэг ярьсан. Дөрвөн хувилбар гаргаж ярилцсан. Ингээд Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгоод байна. Хуулийг төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудтай хоёр удаа уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Одоо зөвхөн Засгийн газраас л санал авах үлдсэн. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг улс төрийн 26 нам, төрийн бус байгууллага найман байгууллага, төрийн байгууллага /УБЕГ, СЕХ гэх мэт/-ыг оролцуулсан хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 230 гаруй санал ирснээс  135 саналыг нь хүлээж авах боломжтой гэж үзсэн. Гурван хуулийн төслийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст тавьж, иргэд, олон нийтээс нээлттэй санал авахад 234 санал ирүүлсэн. Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлна. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно. Товчхондоо тухайн улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах ба хамгийн олон санал авсан эхний 76 хүн  УИХ-д сонгогдоно гэсэн юм.