ШӨХТГ: Мобикомыг 20 сая

ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны салбарт хийсэн хяналт шалгалтын талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр “Мобиком” порпораци багцын үйлчилгээнд өөрчлөлт оруулсан талаараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргажээ. Гэвч иргэдийн зүгээс урьдчилж мэдэгдэлгүйгээр багцыг нь өөрчилсөн байна гэсэн гомдол ирсэн аж. Улмаар шалгахад зарим зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, шалгалтаар “Мобиком нь хэрэглэгчийн саналыг авалгүйгээр өөрсдөө дур мэдэн өөр багцын үйлчилгээнд шилжүүлсэн байсан бөгөөд эд бараа үйлчилгээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэж чадаагүй. Гэрээ нь хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг дордуулсан. Багцын үйлчилгээгээ хэрэглэгч бүртээ хүргэдэггүй. Гэрээлэгч тал илүү давуу эрх эдэлсэн зэрэг зөрчил илэрсэн тул 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу "Юнивишн" компанид хяналт шалгалтын ажлыг явуулжээ. Тодруулбал, иргэн Д-гээс  Юнивишн нөхөж үзэх тарифаа өөрчилж 5000 төгрөг болгосон байна гэжээ. Улмаар тус компани нь хууль зөрчсөн байсан тул 5 сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ. Мөн үүнээс гадна “Худалдан авсан телевизор нь ажиллахгүй байна” гэсэн гомдол ШӨХТГ-т ирж,  BSB компанид шалгалт хийжээ.  Шалгалтаар тус компани худалдан авч байгаа барааныхаа ашиглах, хэрэглэх зааврыг монгол хэл дээр хүргэдэггүй.  Худалдан авсан бараандаа зургаан сарын баталгаа өгдөг. Тэр хугацаанд бараанд нь эвдрэл гэмтэл гарч, хэрэглэгч буцаагаад аваад ирэхэд “Гадны нөлөөтэй, та зааврын дагуу хэрэглээгүй байна” гэж үзэн, гомдлыг барагдуулдаггүй аж. Иймээс BSB-д мөн торгууль ногдуулсан байна.