“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2019” БОЛНО

Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум"-ыг  2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Корпорейт конвеншн центр”-т гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Хуульчдын форум”-ыг нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй тодорхой асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор явагдах юм.

Тодруулбал, “Хуульчдын форум-2019”-ын үндсэн хэлэлцүүлэг "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” сэдвээр явагдах бол “Авлигын хэргийг  хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Төрийн өмчийн удирдлага: Хувьчлал, засаглал, эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Арилжааны хууль хэрэгтэй юу?”, "Double jeopardy: Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй зарчим үйлчлэх үү?” гэсэн найман сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, тодорхой гарц, шийдлийг эрэлхийлэх болно.

 Хуульч та форумд оролцох бол https://forms.gle/PCduj5JYVpGexEcA6 холбоосоор орж цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд бүртгэл 2019 оны 06 дугаар сарын 07-нд хаагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудас болон 70116004, 98066116 утсаар холбогдож тодруулна уу.