С.Чинзориг: Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан салбарын сайд мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр  "2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгохыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ чиглэлийн дагуу манай яамнаас зургаадугаар сардаа багтааж хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгийг өгөхөөр ажиллаж байна. УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ -ын Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн  980 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар бүртгэгдсэн. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй. Харин ХХҮЕГ-т иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх  хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно хэмээн мэдээлэв.

Тэрбээр үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-Хүүхдийн мөнгийг зургаадугаар сар хүртэл нөхөж олгох уу?

-Өнгөрсөн жил судалгаа авахдаа хүсэлт гаргасан өрхүүдийн мэдээлэл нь ХХҮЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн. 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Нэмэлт эх үүсвэрийг сая шийдэж байгаа учраас нөхөж олгох тухай асуудал яригдахгүй. Тэгэхээр зургадугаар сарын 1-нээс бодож хүүхдийн мөнгө олгоно.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан хэрнээ амьжиргааны төвшин нь 670 босго онооноос их бол олгохгүй гэсэн нь үнэн үү?

-Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан ч 670 босго оноотой айл өрхүүдэд олгоно. Босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа учраас эхний ээлжинд босго оноонд багтаж байгаа. Хүсэлт гаргасан иргэдийн тоо нэмэлтээр шийдсэн эх үүсвэртээ багтаж байвал босго оноог хэрэглэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Тиймээс нэмж орж ирэх 100-аад мянган хүүхдээ босго оноогоо хэрэглэж шийднэ. Одоогоор босго оноондоо багтсан 77 мянган хүүхэд хүсэлтээ өгсөн гэв.