Э.Бат-Үүл:  Ардчилсан нам ард түмний эрх ашгийг хэний ч өмнө хамгаалж чадна

Ардчилсан  намын удирдлагууд энэ сарын 30 буюу өнөөдөр Төв талбайд жагсаал зохион байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан. Тэгвэл ард түмний эсэргүүцлийн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд АН-ын удирдлагуудаас гадна жирийн гишүүд дэмжигчид олноор оролцож байгаа юм.

Жагсаалд оролцогчид Засгийн газрыг шүүмжилж буй бөгөөд “У.Хүрэлсүхийн шударга ёс зөвхөн сонин, цахим хуудсан дээр л байна". "Монголын хамгийн шударга хүн гэдэг Ц.Нямдорж сайдын хүү гадаадад Элчин сайдаар томилогдсон. Ц.Нямдорж өөрийнхөө хамаатны хүнд гурван өрөө байрыг 50 хүрэхгүй сая төгрөгөөр авч  өгсөн. Зөвхөн дарга нарт хууль үйлчилдэггүй жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг шударга бус байдлыг эсэргүүцэж байна" хэмээн өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа бол зарим нь шатахууны болон мах, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнд эгдүүцэж байгаа юм. Түүнчлэн АН-ын удирдлагууд индэр дээр гарч үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ үеэр тэд АН-ын зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг  эргэн сануулж байлаа. Мөн эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирсэн. Түүнээс гадна эрх баригчид  мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлэсэн. 

Тухайлбал, АН-ын гишүүн Э.Бат-Үүл энэ үеэр "У.Хүрэлсүх үнэхээр ичгүүргүй хүн юм.  2016 онд нийслэлийг аз жаргалтай хот болгоно гэсэн. Одоо нийслэл төв азийн магадгүй дэлхийн хамгийн аз жаргалгүй хотуудын нэг болох гэж байна. Чөлөөт  зах зээлд шилжсэнээс хойш маханд дугаарлахыг мартсан байсан.  Гэтэл сая маханд дугаарлахыг харлаа.Үүнийг харна гэж ерөөсөө төсөөлөөгүй.  Ардчилалд шилжсэнээс хойш эрх баригчид сонгуулийн дураараа явуулах үгүйг шийддэг болохыг санасангүй. Сая Хэнтийн сонгуулийн нөхөн сонгуулийг өөрсдийн хүслээр зогсоохыг харлаа. Ардчилсан хувьсгалын манлайлан хийсэн АН-ыг үндсэн  хуулиар олгогдсон эрхийг хөсөр хаях юм гэж ерөөсөө санаагүй.Өнөөдөр монгол улсын 100  гаруй суманд АН ялалт байгуулсан байгаа гэтэл тэр эрхийг нь өгөхгүй дөрвөн жил болжээ. Үнэхээр элэг барьж байна. У.Хүрэлсүх яаж  ийм эрээ цээргүй байж чадаад байна  вэ? Цахим хуудсанд улайссан зуух  шиг байгааг бүгд мэдэж байгаа. Ард иргэд бухимдал үүр хилэнгээр дүүрсэн байна. Хүмүүс цахим хуудсанд жагсаал хийгээд байхаар У.Хүрэлсүх элэг бариад байна. Тийм учраас  тэд тоохгүй байна. Хэрэв нийслэлчүүд  Сүхбаатарын талбайг дүүргэж чадах юм бол  эрх баригчдын ард иргэдийг элэг барих явдлыг зогсоож чадах юм. Би гэр хорооллоороо  байнга явдаг. Махны үнийн өсөлт тог шатахууны өсөлт манай иргэдийг ниргэж  дуусч байна. Гэхдээ тэд гэртээ бухимдаад байна. Гэртээ өлсөж байхаар талбай дээр ирээд өлсвөл илүү үр дүнд хүрэх юм. Удахгүй зөвхөн мах төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн хомсодно. Үнэ нь  тэнгэрт хадах гэж байна. Ардчиллыг манлайлж байсан АН талбай дээр гараад ирсэн байна. нийслэлчүүд У.Хүрэлсүхээс битгий ай. АН та нарыг хамгаална. АН та нарын эрх ашгийг хэний ч өмнө хамгаалж чадна. өнөөдөр АН талбайг эзэлж байна. АН-тай хамтраад элэг барьдаг эрх баригчдын хандыг дарья" гэсэн юм. Жагсаал үргэлжилж байна.