С.Эрдэнэ: 1072 хувьцааг компанийн захирал дур мэдэн шийддэггүй, УУХҮЯ буюу ТУЗ шийддэг юм

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайн ажилчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр  "Эрдэнэс Тавантолгой" компанийн байрны гадна “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн  Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс жагсаал хийж, улмаар 1072 хувьцааны ногдол ашгийг олгох,  тус компанийн ТУЗ болон, гүйцэтгэх захирал нарыг огцрохыг шаардсан. Тэгвэл тус уурхайн Үйлдвэрчний эвлэлийнхэн болон ажилчдын төлөөлөл Л.Наранбаатар нарын энэхүү үйлдлийг эсэргүүцэн мэдээлэл хийж байгаа аж.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “ Манай компанийн ашиг орлого, нэр хүндэд атаархсан, хорссон гэмээр дайралт сүүлийн үед идэвхижиж байна. Үүнийг улс төр, эрх мэдлийн сонирхлоор хийж байгаа. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас үргэлж татгалздаг. Гэтэл өчигдөр манай компанийн байрны гадна болсон жагсаал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч ард түмнийг төөрөгдүүлэн нийгмийн дунд бухимдал үүсгэж олон нийтийн дунд үймээн самуун дэгдээх зорилготой байсан бид дүгнэж байна. Энэ арга хэмжээнд оролцож зохион байгуулсан Л.Наранбаатар болон түүнийг дагалдагсад Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүд байсан юм.  Манай компанийн 1072 хувьцааг компанийн захирал дур мэдэн шийддэггүй, УУХҮЯ буюу ТУЗ шийддэг. Мөн 1072 хувьцааны ногдол ашиг төмөр замын хөрөнгө оруулалтад орсон . Цаашид иймэрхүү байдал улам даамжирвал “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл тодорхой шалтгааны улмаас улс төрийн үйл ажиллагаа явуулах болно” гэсэн юм.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн ээлж хариуцсан менежер Д.Мөнхжаргал мөн л өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “Л.Наранбаатарын хэлсэн үг, үйлдэр хоёр нь зөрж байна. Хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой" компани төмөр замын асуудлаа нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Компани ногдол ашиг тараахаас илүү өрсөлдөх чадвараа сайжруулахад орлогоо зарцуулах нь зүйтэй” гэж ярьж байсан. Гэтэл төмөр замд хөрөнгө оруулсны дараа эд нарт мөнгө байхгүй одоо мөнгө нэхнэ гэсэн  өөрийн ашиг сонирхлыг урьдаа барьж ард түмэнд буруу мэдээлэл өгч байна. Үнэхээр ард түмнээ гэдэг байсан бол 2015 онд бидэнтэй нэгдэж, MCS –д зарахгүй гэж зогсч байх ёстой хүн. Манай компани ард түмэнд ашиг хүртээсэн. 2012 онд манай компанийг барьцаанд тавьж зээл авсан. Тэр  өрийг дарахын тулд 2012-2017 он хүртэл хямд үнээр нүүрс борлуулж ашиггүй ажилласан. Тэр хугацаанд Л.Наранбаатар манай компанийг ашиггүй байна “MCS” группт зарах нь зүйтэй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр манай компани ашигтай ажиллаж байгаа. Гэтэл энэ боломжийг хааж, улс төржүүлж байгаа нь буруу зүйл. Төмөр замд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж дэмжиж байгаа боловч илүү их ашигтай ажиллахын тулд техник, хэрэгсэл хэрэгтэй. Хувьцааны ашгийг илүү сайн менежменттэй болгох хэрэгтэй байна” гэсэн юм.