Л.Оюун-Эрдэнэ:

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.29/ болсон. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Улаанбаатар хот дотор эмх замбараагүй олгосон болон зориулалтын бусаар ашигласан газар олголтын талаар хэлэлцжээ. Улмаар Засгийн газраас  "Найрамдал" төв болон МУИС-ийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг нь цуцлах, барьсан барилга байгууламжийг албадан буулгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болжээ. Мөн ирэх даваа гарагт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Хотын захиргаанд ажиллахаар болсон байна. Дээрх шийдвэртэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатай олгосон байна. Энэ газар нь төлөвлөлт хийхэд маш хүндрэлтэй бөгөөд Улаанбаатар хотын банкинд өгсөн. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, Улаанбаатарт зочид буудлын урд талын талбай, Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг тодорхой хугацаагаар олгосон. Нийтийн эзэмшлийн талбай руу орсон нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд их хүнд. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргасан. "Найрамдал" олон улсын төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлжээ. "Найрамдал" зуслангийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон. Олон улсын хүүхдийн "Найрамдал" төв бол онцгой объект гэж хэлж болно. Аж ахуй нэгж бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ хүүхдийн зуслан, Улаанбаатар зочид буудлын урд талын саад, Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү ингэж орж болохгүй. Хүүхдийн парк руу орсон тохиолдол бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга хот байгуулалтын болон БОАЖ-ын сайдад үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан объектыг буулгахаас өөр аргагүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан учраас ийм шийдвэр гаргаж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар болох Зайсанд аялал жуучлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууц барьсан байна. Тиймээс Засгийн газраас төлөвлөгөөтэй, шат дараатай арга хэмжээ авахын тулд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн байдлаар цэгцлэхээр болсон” гэв. Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-Засгийн газар Хятадын компанид 50 га газар олгохоор болсон гэсэн мэдээлэл бий. Энэ зөвшөөрлийг цуцлах уу?

-Тийм зүйл байхгүй. Санал солилцож байсан зүйл бол бий. Өнөөдөр Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. Цаашдаа ийм асуудал гарахгүй.

-Зөвшөөрөлгүй барилга барьсан, газар авсан асуудлын ард улстөрчид бий. Тэгэхээр Засгийн газар тэдэнтэй тэмцэж чадах уу. Мөн аж ахуй нэгжүүдийн хохирлыг яах вэ?

-Зөвшөөрөлгүй газар байшин барьсан компанид хохирол үүсэхгүй. Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Засгийн газрын хүч хүрэх үү гэж байна. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг цэгцлэх бол заавал хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарна. Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй байгаа. Үнэхээр зөвшөөрөлгүй барьсан бол буулгахаас өөр арга байхгүй.