Роберт Фридланд Оюутолгойг

Оюутолгойн орд монголчуудын хувьд олз биш гарз бололтой. Тун удахгүй энэ орд Монголын мэдлээс гарч, харийнхны мэдэлд шилжих бүхий л гэрээ, хэлцэл бэлэн болжээ. Хатуухан хэлэхэд, Өмнөговь аймаг биш юмаа гэхэд Ханбогд суманд хөл хорио тогтоож, монгол хүн орохыг хориглоно гэх мэдэгдэл наах нь цаг хугацааны асуудал болсон байна. Энэ тухай Оюутолгой гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Тодруулбал, дүгнэлтэд “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч тал Зээлийн барьцаагаар дамжуулан орд газрыг олон улсын өрийн бирж дээр өндөр үнээр зараад Монголоос гарах бүх гэрээ хэлцэл, баримт бичгээ үйлдсэн байгаа нь Монгол Улс хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал үүсчээ” хэмээн онцолсон байна. Өөрөөр хэлбэл, хэдийнэ нөгөө тал авахаа авчихаад гарахад бэлэн болж, цүнхээ багласан нь энэ.

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг гурван сарын дотор ажлаа дуусгах үүрэгтэй байсан ч дотоод, гадаад хүчин зүйлээс улбаатай өнөөг хүрсэн. Өдгөө ч ажлын хэсгийн гишүүд нэгдсэн байр суурьтай болж чадаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир шалгалтын дүнг нөгөө талд өгсөн асуудал ч бий. Ажлын хэсгийн дүгнэлтэд ноцтой зүйлүүд нэлээдгүй. Жишээ нь, Өмнөговийн иргэд удахгүй ундны усгүй болж, дүрвэх нөхцөл байдал үүссэн.

“Оюутолгой” зарим сард батлагдсан усны нөөцийн 80 хүртэл хувийг ашиглаж байгаа тухай ажлын хэсгийн дүгнэлтээс харж болно. Аргаа барсан үйлдэл гэлтэй “гадаргын усыг хуримтлуулж усны нөөцийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх замаар усны шинэ эх үүсвэр бий болгох, усны ашиглах боломжит нөөцийн хэмжээнээс давуулан ашиглахгүй байх” талаар дүгнэлтэд онцолсон байна.

Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагааны шууд болон шууд бус нөлөөлөлд өртөж байгаа бусад сумын төвийг ундны цэвэр усаар хангахад хөрөнгө оруулагч нь Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Ус хангамжийг сайжруулах зорилгоор хайгуулж, судалгаа түүнд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг талуудтай тохиролцох нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Уг нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар бол гуйх биш гуядаж, анхнаас нь гэрээнд зааж өгсөн бол ийм эмгэнэлт байдалтай нүүр тулахгүй байх байв.

Өмнөговь аймаг цэвэр усгүй болох нь, усны нөөц шавхагдах нь хэмээн олон судлаачид халаглаж байсан. Гэвч эрх баригчид иргэдийнхээ үгийг биш харийнханд итгэл үзүүлж, мөнгө хараад “сохорсон” гэхэд тэгсдүүлсэн болохгүй биз. Хэт их найр тавьж, хуулиа хүртэл өөрчлөн, “Рио Тинто”-гийн өмнө тухайн үеийн эрх баригчид сөхөрч байсныг монголын ард түмэн мартаагүй байх. Тэр дундаа энэхүү гэрээ орлого биш алдагдал авчрах нь гэдгийг сануулж, анхааруулсан иргэний хөдөлгөөнийхний үгийг сонссон бол...

Олон ч хуулийг засч, өөрчилж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар баталсан. Хуулиудаас гадна ДУББСТ-аар ТЭЗҮ-г заавал дагаж мөрдөх шаардлагагүй гэдгийг талууд тохиролцсон нь Монгол Улсын Засгийн газраас төслийн зардалд хяналт хийх боломжийг хаажээ. Ингэж найр тавьж, Монгол Улсын Засгийн газар нүдээ тас аниж байхад хариуд нь нөгөө тал Монголын талыг үргэлж мэхэлсээр өнөөг хүрсэнийг ажлын хэсгийн тайлангаас харж болно. Тухайлбал, Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд зарим төрлийн борлуулалтын гэрээг DDP нөхцөлөөр хийснээс болж гадаадын аж ахуйн нэгжийн төлсөн гааль, НӨАТ, хураамж нь “Оюутолгой” ХХК-ийн төлсөн татвараар бүртгэгддэг байх жишээтэй.

ТЭЗҮ 2010-т тооцсон Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газарт орох мөнгөн урсгал татвар, ногдол ашиг. Гэвч татвараа авч чаддаг билүү гэдэг нь эргэлзээтэй. “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан гэж татварын акт тавьж байсан. Хамгийн инээдтэй 2015 онд “Оюутолгой” компани шилдэг татвар төлөгчөөр шалгарсан юм. 

''Оюутолгой'' компанитай холбоотой татварын маргаан анх 2014 оны зургадугаар сард эхэлж, татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан асуудал үүсч байхад ийнхүү шилдгээр шалгарч байлаа. Татвар төлөлтөд хийсэн аудитын шалгалтаар 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн тул уг татварыг нөхөж төлөх шаардлага тавьж байсан ч эцэстээ талаар болж, Монголын улстөрчид яг өнөөдрийн шиг өөр зуураа хэрэлдэж асуудал эцэслэгдсэн. Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд “Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татвар, төлбөр, хураамжийг бүрэн хураах, татвараас зайлсхийх явдлаас сэргийлэхийн тулд татварыг албыг бэхжүүлэх шаардлагатай” талаар дурьдсан байна билээ.

Учир нь НӨОДТХНГ-ний 14/в/ заалтад “...ОТ төсөлд зориулан гуравдагч талын төслийн санхүүжилтийн хэлбэрээр авсан хөрөнгийн бүрэн хэмжээнийг өртөг зардал дээр татварыг шаардлагыг харгалзан хураамж нэмэгдүүлэх, эсхүл аливаа ашиг буюу нэмэлтийг дамжуулахгүй байхыг Хувь нийлүүлэгчид хүлээн зөвшөөрч байна” гэж тохирсон гэрээний заалтыг зөрчиж, “Рио Тинто” баталгааны шимтгэл нэрээр нэмэлт төлбөр авсан зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэмэлт төлбөр авсан.

“Оюутолгой” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй. Үүний тод илрэл нь ажилчдын цалин. Гадаад монгол ажилчдын цалинги адилхан байх тухай гэрээнд товч бөгөөд тодорхой тусгагдсан. Гэтэл гадаад ажилтан 40 гаруй сая төгрөг, монгол ажилтан 3-5 сая төгрөг авч байгааг ажлын хэсгийн дүгнэлтээс харж болно.

Телевизороор “Оюутолгой”-д ажиллаж байгаа Монгол ажилчдын талаар төлбөрт мэдээлэл ойр ойрхон цацдаг. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч энэ бололтой.

“Оюутолгой” компанид үнэн гэж бий юу. Үүнд эрхэм гишүүд ч эргэлздэг. Холбогдох байгууллагууд шууд хариулж чаддаггүй. Учир нь өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-гоос гаргаж өгсөн баримт үнэн эсэх нь эргэлзээтэй. Ямартаа УИХ, Засгийн газрыг шаардлагатай мэдээллээр хангаж байсан эсэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг ажлын хэсгийн дүгнэлтэд дурьдсан байна.

Ажлын хэсгийнхэнд хүртэл баримт, материалаа гаргаж өгөлгүй луу унжиж, татгалзсан хэд хэдэн тохиолдол бий гэдгийг гишүүд хэлж байсан. Эзэн талыг үл ойшоох “Оюутолгой” компанид эрх мэдэлтнүүд дэндүү хайртай. Үүний баталгаа нь тусгай зөвшөөрөл. Тодруулбал, Манахт-6708А, Хөх хад-6710А тусгай зөввшөөрлийн талбайд хайгуулын ажил дөнгөж эхлэлтийн төдий байхад хэдийнэ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх нь тэр. Энэ мэтчилэн ноцтой, нотой зүйлүүд ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Энэ талаар цувралаар нийтлэн хүргэх болно.

ух сурвалж:buzznews.mn