С.Эрдэнэ: Цэц эрх баригч намын хүслийг гүйцэлдүүлдэг гүйцэтгэгч байгууллага болсон гэдгээ илт харууллаа 

ҮХЦ-ийн  дунд суудлын хуралдаан өчигдөр /05.27/ болж, УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг товлон зарласан асуудал нь  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.  Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэртэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай холбоотой асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд, сонгуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэр гаргалаа. Одоо УИХ энэ асуудлыг хүлээж авсан, аваагүй энэ сонгууль явахгүй юм байна гэсэн ойлголттой болчихлоо.

Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явах боломжгүй болно гэсэн. Хүлээж авахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан. Мэдээж их суудлын хуралдаанаараа үүнийгээ батлах байх. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явахгүй юм байна гэж ойлгож байна. Эрх баригч нам ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна. Цэцийн дүгнэлт дээр нийгэмд ойлгомжгүй маш олон дүгнэлт байна.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17000 гаруй сонгогчдын эрх ашигийг Үндсэн хуулийн Цэц дэвсэлж байна. Үндсэн хуулийн Цэц ерөнхийдөө эрх баригч намын хүслийг гүйцэлдүүлдэг гүйцэтгэгч байгууллага болсон гэдгээ илт харууллаа. 

Манай намаас тус тойрог дээр гурван удаа судалгаа авсан. Гурвууланд нь нэгдүгээрт нь АН ба Ж.Оюунбаатар, хоёрдугаарт МАН ба У.Хүрэлсүх, гуравдугаарт МАХН ба Н.Энхбаяр нар гарч байсан. Тиймээс бид сонгуулийг эцсийн мөч хүртэл явуулахыг хичээсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэц хүлээж авсангүй" гэв.