Сагсан бөмбөгчид Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

"FIBA 3x3 Asia Cup 2019" буюу сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чанша хотноо энэ сарын 22-26-ны хооронд болж өндөрлөлөө. Ази болон номхон далайн орнууд оролцдог тус тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөд Австралийн эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа алтан медаль хүртлээ. Харин энэ удаад манай эрэгтэй шигшээ баг гурав дахь жилдээ дараалан аваргын төлөө шалгаран өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрнямаар ахлуулсан манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Энхбатын Дөлгөөн, Энхтайваны Цэрэнбаатар, Аварзэдийн Гансүх нар тоглосон юм. А.Гансүх энэ удаад бэртэлтэй Г.Цэнгүүнбаярыг орлон өмнөд хөршийг зорьсон бөгөөд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Манай шигшээ баг хэсэгтээ БНСУ-ыг хожоод Австралид хожигдсон. Улмаар хэсгээс хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд Йорданыг, хагас шигшээд Казахстаны багуудыг буулгаж авчээ. Харин Д.Ганзул, Б.Солонго, Э.Чимэддолгор, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Кыргызстаныг хожоод Казахстанд хожигдсон бөгөөд шилдэг наймд Туркменистаныг хожсоноор хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь манай баг Австрали, Японы багт дараалан ялагдснаар дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Түүнчлэн тус тэмцээний эрэгтэй шилдгүүдийг тодруулахад бэлэгдлийн шигшээд Монголын багийн ахлагч Д.Дэлгэрням сонгогдсон байна.