Н.ТЭГШБАЯР: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР ӨСӨХӨД НӨЛӨӨЛСӨН

Ардчилсан намын гишүүн Н.Тэгшбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та саяхан хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлын дараа олон нийт янз бүрийн байр суурьтай байсан. Та ч бас олон нийтийн хандлагыг анзаарсан байх. Инэхэд яагаад хэвлэлийн хурал зарлах болов. Тэгэх шаардлага үнэхээр байв уу?

-Бидэнд хайрлах хамгаалах үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээ, хил хязгаар гэж бий. Тэр үнэт зүйл бол шударга ёс, хуулийн тэгш үйлчлэл гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг багасгаж олон зуун гэмт хэрэгтэнд зориулан Өршөөлийн хууль гаргачихлаа. Үүнд бухимдан цахим орчинд үзэл бодлоо бичиж байхаар албан ёсоор байр сууриа тодорхой болгож, эсэргүүцлээ илэрхийлье гэж бодсон. Тийм ч учраас олон нийтийн өмнөөс “Бид зэвүүцэн, эсэргүүцэж байна” гэдгээ зарласан. Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулснаар одоогоор 84 гэмт хэрэгт хэрэглэхэд төвөгтөй болгосон. Авлигын гэмт хэрэгт холбогдон 10 жил ял авах этгээд шүүх дээр цаг хожин хэргээ буцаасаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох боломжтой болсон. Хамгийн анхны үр дагавар гэвэл МХЕГ-ын 20 гаруй байцаагч нар холбогдсон хэргийг АТГ илрүүлсэн. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон этгүүдийн ангийн найз, зарим хэвлэлээр авлигын мөнгө хураагч гэж зарлагдсан Ш.Раднаасэдийн санаачилсан хуулийн өөрчлөлтөөр хэрэг нь хэрэгсэхгүй болж байх жишээтэй. “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрвөл яллагдагчаар татахгүй”, “Яллагдагч бол шүүгдэгч биш” гэсэн сонин заалтууд бий. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоод байхад хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан шүүгчдэгч болохоос өмнө суллах шийдлүүд хийж өгсөн. Арван жилийн ялтай гэмт хэрэг хийгээд зугтаасан этгээдийн хэргийг арван жилийн хугацаатайгаар хөөн хэлцдэг байсан. Одоо бол шүүх дээр очихоос өмнө гэмт хэрэгтнээ суллаад авах боломж бүрдэж байгаа юм. Бүр торгуулаад, нэг жил хилээр зорчих эрхээ хасуулах гэх мэт заалтууд орсон юм билээ. Гэмт хэрэг илэрсэн ч гэмт хэрэгтэн баригдаагүй, нотлох баримт хуучирсан, ул мөр арилсан тохиодолд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгодог тохиолдол бий. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнийг хууль хяналтынхан цаг ямагт “ангуулчилсаар” байх байдлыг өөрчлөн хууль завхруулагч нартаа тайван амгалан байх бололцоог олгосон нь харагдлаа.

-Ш.Раднаасэд гишүүний санаачилсан хуулиас болж, нийгмийн цочроосон олон хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн мэдээлэл байна?

-Миний ойлгож байгаагаар 60 тэрбумын хэрэг, ЖДҮ, "Жаст"-ын Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийг "Стандарт" банкинд тавьсан өр, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд хэрэгсэхгүй болох зам мөр рүүгээ шуударсан. Энэ өвөлжингөө 60 мянган иргэн талбай дээр жагсан “Шударга ёс” нэхсэн. Тэр шударга ёсны нэхсэн тэмцлийн үр дүнг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үгүй хийж орхисон. Миний тэмцээд байгаа зүйл бол хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан энэ “бантангаа” МАН-ын УИХ дахь бүлэг нэн яаралтай цэвэрлээч. Нөгөө шударга ёсонд чинь аюул тулгараад байгааг юм биш үү гэж асуугаад байгаа хэрэг л дээ.

-Бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэрийг дурьдсан байсан даа?

-Хууль тэгш үйлчилмээр байгаа байхгүй юу. Гадны улс орон, аж ахуй нэгжид мэдээлэл дамжуулсан хэргээр олон хүн шоронд ордог. Миний санаж байгаагаар Цахилгааны Жаргалсайхан, Д.Чинбаяр, Л.Чойсүрэн, Сөрөх тагнуулын ажилтан, дэд хурандаа гэх мэт олон хүн улс эх орноосоо урвасан гэх зүйл ангиар ял авсан түүх бий. УИХ-ын гишүүд “Нууцын зэрэглэлтэй материалыг “Оюутолгой” компанийн удирдлагад өгчихжээ” гэсэн. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. УИХ-ын гишүүд чөлөөтэй худал хэлэх юм. Ш.Раднаасэд “Би тэр МХЕГ-ын байцаагч нарыг танихгүй, мэдэхгүй” гэж байснаа төд удалгүй нэг ангийнх болж таарсан. Д.Дамба-Очир л гэхэд сэтгүүлч нарын өөдөөс бүлтийтэл харж байгаад “Би тийм материал Оюутолгойд өгөөгүй” гэсэн хүн шүү дээ. Босч зогсч үг хэлнэ гэж хууль санаачилж байхын оронд гишүүд худал хэлсэндээ уучлалт гуйдаг хууль санаачилмаар санагдах юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуулийнхан хоёр машин дүүрэн баримт хээр аваачиж устгасан. Надад найдвартай баримт нь бий” гэж хэлсэн. Эрхэм гишүүнийг хэн хэн гэдэг хуульч хэзээ, хоёр машин баримт устгасан талаар ярих болов уу гэж харсаар л суугаа шүү.

-АН-ын гишүүний хувьд уу?

-Энэ нийгмийн эд эс, иргэн хүний хувьд төр засгийн болохгүй, бүтэхгүйг хараад хэлмээр санагдах юм. Өнөөдөр мах шатахуунын үнэ өсч талхны үнэ талийж өглөө. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахуун, махны үнийн өсөлтийн талаар арга хэмжээ авахын оронд “Найрамдал” зуслангийн газар гээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны ажил яриад сууж байна. Энэ нь 1990-ээд оны Солонгосын улс төрчид хэрэглэсэн бөмбөг хаана байна гэдэг пи-арын технологи л доо. Мах, шатахууны үнийн өсөлтийн шуугианыг дарахын тулд “Найрамдал” зуслангийн газар, “Хөгжлийн банк”-ыг гаргаж тавилаа. Иргэдээ цаг хожин сатааруулах гэсэн, сэдвээр сэдвийг дардаг муу аргаа болих хэрэгтэй. Сүүлийн гурван сард шатахууны үнийг импорлогч компаниуд үндэслэлгүйгээр нэмлээ. Монгол Улсад Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар гэж байдаг. Тэр газар нь шатахуун импорлогч нарыг нэг удаа таван саяар торгохоос хэтрэхгүй юм даа. Уг нь бол үндэслэлгүйгээр олсон ашиг орлогыг нь улсад хураадаг болбол АМГТГ, УУХҮЯ-наас нефть импортлогч компаниуд үнээ нэмэхээ асуудаг болно ядахдаа.

-Махны үнэ нэмэгдэж иргэд бухимдаж байна?
-Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн Засгийн газар тэрбум ам.долларын мах экспортонд гаргана гэсэн. Тэгэнгүүт хятадууд орж ирээд Эмээлт хавиар зоорь барьж мах чихсэн л дээ. Нэг айлын хашааны газрыг хятадууд 150 сая төгрөгөөр авлаа гэсэн мэдээлэл яваад байсан даа. Өнгөрсөн жил 20 гаруй сая толгой мал нядласан дүн мэдээлэл байгаа учраас зооринд мах байгааг Л.Оюун-Эрдэнэ тагнуулынханг явуулсан, явуулаагүй мэдэж байгаа. Хуулийн хүрээнд худалдаад авчихсан махыг яаж уран нарийн аргаар гарган заруулах вэ? гэдэг Засгийн газар асуудал. Тэрбум ам.долларын мах зарна гэдэг хятадуудыг баяжуулах бодлого болоод зогсохгүй У.Хүрэлсүхийн тооцоолоогүй шийдвэр иргэдийн нуруун дээр ташуур болон буусан.

-Энэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?

-У.Хүрэлсүхийн амласан нефтийн үйлдвэр тодорхойгүй болчихлоо. Цэвэрлэх байгууламжийн шавийг тавдах удаагаа тавьсан ч үнэр танар дарагдсангүй. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, улс орон яаж мөнгө олох ухаанаа ч олохоо байсан. Бүр иргэддээ итгэхээ болиод нөхөн сонгууль ч хийж чадахгүй төр засаг бий болчихлоо. Нөхөн сонгуульд оролцох гэж байгаа мэт дүр үзүүлж, жолоочийнхоо ээжээр эсвэл Гантулгаар дахин тоглох гэж оролдож байх шиг. Д.Гантулга дээр дөрөөлөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргуулж аваад УИХ хүлээж авахгүй гэж марзагнах нь л дээ.

-АН бүтэн сар жагсаал цуглаан хийнэ гэнэ. Хэн оновчтой тэмцэл вэ?

-Гишүүд дэмжигчээ цуглуулан жагсаал цуглаан хийнэ гэдэг бол улс төрийн хүчний хувьд эцсийн арга шүү дээ. Оновчтой байсан эсэхийг жагсаал цуглаан хийсний дараа л мэдэгдэнэ дээ. Олон түмний нүдэн дээр МАН хууль завхруулж хариуцлагын тогтолцоог үгүй хийж байгааг сөрөг хүчин зүгээр хараад суух эрхгүй л дээ. Тэр олон зуун хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, нийгмийг цочроосон хоолны хордлогууд, Дамба-Очир, Раднаасэд нартай хэн хариуцлага тооцсон юм бэ. МАН хулгайч худалчуудыг хамгаалдаг, саравч төдий байж болохгүй. Нөгөө алдарт ЖДҮ, 60 тэрбум чинь улс төрийн өшөө хорслын өшиглөдөг бөмбөг төдий байсан гэж үү. Өмнөх УИХ, Засгийн газрыг огцруулаад ямар өөрчлөлт, хариуцлагын тогтолцоо сайжарсан юм бол. Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах төлөвлөгөө, зорилт ч төр засагт алга.

Хий хоосон хөөсрөлт, сошиалын мэдээгээр ард түмнээ цатгана гэвэл явахгүй болсон гэдгээ У.Хүрэлсүх ухаарах хэрэгтэй. Хэдэн уурхайн бараадсан монголчуудын амьдралд шинэ гэрэл гэгээ, мөнгө олох санхүүгийн эх үүсвэр гэхээр бүтээн байгуулалт огт харагдахгүй байна.


эх сурвалж:Socialmedee.mn