Н.Энхбаяр: МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар мөнгө тарааж байгаа

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болсноо зарлалаа. Тэрбээр, “Эрх баригчид сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Итгэлийн  даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхилгүй ҮХЦ-д өөрсдийн томилсон  хүмүүсээр энэ сонгуулийг болгуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна.  Гэхдээ бид цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр, нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зөв гэж харж байна. Учир нь энэ парламентын хугацаа дуусахад хэтэрхий бага хугацаа үлдсэн гэж иргэд үзэж байгаа.

 Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар мөнгө тарааж байгаа. Хэнтийн иргэд маань хулгайн мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт итгэж байна. МАН, АН хоёр луйвраар л ялна. Амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүүг бид 2017 оны сонгуулиар мэдсэн. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна. Хэнтийчүүддээ хандаж МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана" гэв.

Хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчийг СЕХ-нд энэ сарын 25-28-ны дотор бүртгүүлэх ёстой.  Энэ дагуу МАХН-ынхан өнөөдөр нэр дэвшигчээ намын Бага чуулганаараа сонгож,  хуулийн хугацаанд СЕХ-нд бүртгүүлнэ гэдгээ мэдэдлээ.