Ж.Батзандан: Бид М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ

УИХ-ын чуулганы баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь гөлийчихөөд явахгүй байна. Иргэд олон түмний зүгээс ч үүнийг хэлж байна. “Их хүлээлт байна. Гэвч нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй. Би Наад төр чинь бүр гөлийчихлөө гэж хэлж байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзаад “Наад архидалтаа болиоч” гэж хэлсн.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүд архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна. Төрийн ордонд зүгээр орж ирсэн хүнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэсэн ойлголт ард түмний дунд бий боллоо. Яаж УИХ-ын гишүүд сахилга батаа сайжруулах юм бэ. Энэ асуудлаа бид ярих ёстой.  Бид нар М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Үүнийгээ одоо ярья. Нийгэмд тулгамдаад байгаа өр зээлийн асуудал, бухимдал үүсгээд байгаа Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, сүрьеэ өвчний асуудал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг одоо яръя. Засгийн газрын холбогдох хүмүүсийг дуудаад ямар шийдэл гаргаж ажиллаж байгааг нь асууя. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийг нь хэлье. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гаас салчихвал Монгол сайхан болно гэсэн. МАНАН-гийн зарим дарга нарыг зайлуулсан. Гэвч сайжраад байгаа юм харагдахгүй байна.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Чуулганы үдээс хойших хуралдаан дээр Ерөнхий сайдыг байлгамаар байна. Ерөнхий сайд хаана явж байна вэ. Хэнтий, Ховд явлаа гэдгээс хойш сураг алдарлаа. Хотод УИХ-ын дарга нь Ерөнхий  сайд мэт Туул гол, төрийн байгууллагуудаар явж харагдах юм. Ерөнхий  сайд юу хийж байгааг гаргамаар байна. Мөн Дэгийн тухай хууль хэлэлцэхийг хойшлуулмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-УИХ-аас 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдсөн.

2017 онд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат бидний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулга тавьсан. Уг асуулгын хариу 2018 оны эхээр ирсэн. Өнөөдөр хэлэлцэхээр тоонууд нь хуучирсан байна. Тиймээс шинэчилж дараагийн удаад хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа учир хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Шүүх эрх мэдэл УИХ-аас хамаарахгүй. Ж.Батзандан гишүүний асуулт оновчгүй байна. УИХ хэрхэн ажилласнаас нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентын үйл ажиллагаа шууд хамаана. Үг хэлэх гэж байгаа гишүүд хариуцлагатай бай. Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгыг хариуг хойшлуулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй хэвээр үлдээв.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа учир чуулганы хуралдаан түр завсарлав.