УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар миний нэрийг оролцуулан мэдээлэл хийлээ. Үүнийг анзаарвал улстөржсөн шинж агуулж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Тиймээс энэ мэдээллийг хийж байна.
Би АТГ-ын дарга, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдэгдэж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд энэ асуудлыг хяналтдаа авч, шалгаж өгөхийг хүсч байна. Түүнээс гадна АТГ-ын даргад хандан хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл тарааж улстөржсөн үйлдэл явуулж байгааг анхааралдаа авахыг хүссэн хүсэлтийг явуулж байна" гэсэн юм.
Мөн тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийгэмд олон янзын ойлголт явдаг. Зарим нь 49 хувийг хэсэг нөхөд хулгайлсан мэтээр ярьдаг. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг зөв гэж хардаг. Энэ асуудлаар надаас АТГ байцаалт авсан. Үүний учир нь олдох байх. Энэ бүхэн улстөрийн шинж чанартай болж байгаа нь ойлгомжтой байна. Шударга бусын хонгил нь нураад шударга ёс тогтож, шинэ удирдлагууд нь асуудалд өөрөөр хандах болов уу гэсэн найдлага надад байсан. Хуулийн байгууллагад шалгуулах үедээ хуулийнх нь дагуу мөрдөн шалгуулах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл яг хуучин арга явж байна. Урьдчилан синсаци дэлгэдэг, нотлогдоогүй мэдээллийг хэвлэл мэдээллээр цацдаг зэрэг үе шаттай ажиллагаа явуулж байгаагаас харахад байдал өөрчлөгдсөнгүй. Нөгөө талаас энэ үйл ажиллагаа бүхэлдээ АН-ыг харлуулахад чиглэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр АН-ын удирдлага руу зохион байгуулалттай дайралт хийж байна. Түүгээр зогсохгүй үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчлөлийн өсөлтийн дуулианыг намжаах арга гэж би харж байна. Ингэж улстөржсөн үйл ажиллагаанд шилиж байгаад харамсаж байна.
Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн. Энэ хүний асуудлыг яаж ч шийдэх эрх энэ төрд байгаа. Надад шалтаг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, айдас алга. Ганцхан гурван сая хүний амьдрал ахуй, нөхцөл байдал туйлын хүнд байхад ийм харлуулсан улс төрөөр энэ улс орон урагшаа явахгүй шүү гэдгийг сануулмаар байна.
МАНАН гэдэг зүйлийн тухай их ярьсан. Тэгээд МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыгоо авч хаясан. Өнөөдөр МАНАН гэдгээ тодорхой болго. Хоосон булингартай зүйлийг дуулиан болгоод араар нь хулгай хийж, ард түмний амьдралыг доройтуулахаа эрх баригчид одоо зогсоох хэрэгтэй. Өчигдрийн үйл явцыг дүгнэлт хийхэд МАНАН-гийн эсрэг бус АН-ын эсрэг болох нь харагдана. МАН-ын олон нотлогдсон хэргүүдийн нэг нь ч шийдэгдээгүй байгаа. Тиймээс сөрөг хүчний хувьд үүндээ анхаарах ёстойг сануулж байна.
АН-аас жагсаал цуглаан зохион байгуулах шийдвэрээ зарласан. Үнэхээр ард иргэдийн бухимдал, нийгэмд үүссэн гажуудлын эсрэг АН хэн нэгэн удирдлага, ямар нэгэн хэлбэрээр шантаачлахыг үл тоон тэмцэх болно” гэсэн юм: