Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчийн эцэг эх Эрүүл мэндийн сайдыг огцрох ёстой гэв

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 1700 гаруй сурагчийн 500 гаруй нь сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон.

Мөн үүнтэй зэрэгцээд нийслэлийн зарим сургууль болон хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид энэ өвчнөөр өвчилсөн гэх мэдээлэл олон хүний бухимдлыг төрүүлээд буй. Хэдийгээр энэ асуудалд Засгийн газраас хөрөнгө төсөв гарган ЕБС-ийн бүх сурагчдыг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа ч эцэг эхчүүд бухимдаж буй аж. Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчийн эцэг эх болон багш, эмч нар салбарын яамдаас хариуцлага нэхэж жагслаа.  Жагсаалыг зохион байгуулагч Ж.Амарсанаа энэ үеэр "Эрүүл мэндийн салбар сэхээнд оржээ. Сүрьеэ өвчин газар авч аюултай түвшинд хүрчээ. Сүрьеэгийн тархац хамгийн өндөр байгаа 15 дугаар сургууль дээр дорвитой арга хэмжээ аваагүй байна. 2016 онд далд сүрьеэ гарч ирээд байхад арга хэмжээ авахгүй байсаар идэвхтэй сүрьеэ болгожээ. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахыг шаардаж байна. Иймд Д.Сарангэрэл сайд түмний олон хүүхдийг халдварт өвчнөөр өвчлүүлсөн хариуцлагаа хүлээж огцор. Д.Сарангэрэл сайдын туслах байсан эмэгтэй авлигын хэргээр АТГ-т цагдан хоригдсон байгаа" гэлээ.

Түүнчлэн жагсаалд оролцогчид сүрьеэ өвчин гамшгийн хэмжээнд хүрчээ. Зарим оронд энэ өвчнөөс бүрмөсөн салчихаад байхад манай улсын ганцхан сургууль дээр 500-600 аараа сурагчид сүрьеэ өвчин тусч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэргэжлийн эмч хүнээр энэ салбарыг удирдуулмаар байна. Ерөнхий  сайдаа мэргэжлийн бус Д.Сарангэрэл сайдыг огцруулж мэргэжлийн хүн томилох хэрэгтэй гэж байсан юм. Жагсаал үргэлжилж байна.